Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Монгол, Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалтын хүрээнд Оросын Холбооны Улсын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай хоёр талт уулзалт хийлээ.

Уулзалтаар Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилт, эрчим хүч, тээвэр, төмөр зам, түлш шатахууны нийлүүлэлт, байгалийн хийн хоолой, шинжлэх ухаан болон бусад хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв.

Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Монгол, Оросын бүс нутгийн чуулга уулзалт нь хоёр улсын бүс нутгуудын нөөц боломж, давуу талыг харилцан ашиглах, бизнесийн шууд харилцааг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаанд тулгарч буй асуудлыг бодитойгоор шийдвэрлэх чухал талбар болж байгааг онцлов. Мөн хоёр улсын уламжлалт найрамдалт харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, бодит төсөл, хөтөлбөрөөр улам баяжуулахын чухлыг тэмдэглэв.

Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш тарифын хөнгөлөлт бодитоор ашиглагдаж, хоёр талын худалдаанд эерэг үр дүн гарч эхэлснийг уулзалтын үеэр онцлов. Цаашид Монголын экспортлогчдын Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, худалдааны урсгалыг өсгөх, хэлэлцээрийн бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Мөн талууд “ДЦС-3”-ын өргөтгөл, шинэчлэл, Эгийн голын усан цахилгаан станц, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих байгалийн хийн хоолой, төмөр замын шинэчлэл зэрэг томоохон төслүүдийн талаар санал солилцож, эдгээр төслийг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал чиглэлүүд гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсад түлш, шатахууны тогтвортой нийлүүлэлтийг хангах, тээвэр, логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, шинэ технологи болон цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг бодит төсөл, үр дүнгээр ахиулах чиглэлээр нягт хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв.