Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 14-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Гэрт ойрхон сургууль” төслийн хүрээнд яригдаж буй 50 тэрбум төгрөгийн асуудалтай холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлж, нэр төрд нь халдсан гэх асуудлыг цагдаа болон Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хандахаа мэдэгдэв.
Сайд Л.Энх-Амгалан:
“Эзгүй хойгуур золигт гаргах гэж оролдлоо. Би монгол төрийн "Түгжил" биш. Харин "Түгжил"-үүдийг зарлая. Би төрд тангараг өргөсөн. "Гэрт ойрхон сургууль" төслийн 50 тэрбум төгрөгтэй холбоотой олон зүйл боллоо. Монголын төрийг хагалгаж байгаа бүлэг байна.
Тэрбээр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон түүний зөвлөхтэй холбоотой асуудлыг хөндөж, боловсролын салбарын дотоод мэдээлэл, файл задарсан байж болзошгүй талаар ярив. Мөн уг асуудлыг олон нийтэд түгээсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай холбоотой байр сууриа илэрхийлсэн байна.
Мөн “Гэрт ойрхон сургууль” төслийг эсэргүүцэж буй зарим гишүүдийн хүүхдүүд хувийн сургуульд сурдаг хэмээн шүүмжилж, төрийн сургуулийн хүртээмж, чанарын асуудлыг онцоллоо.
“Өнөөдөр би албан ёсоор цагдаа болон АТГ-т шалгуулахаар, нэр төрөө сэргээхээр хандана. Надад айх, ичих, ухрах зүйл өчүүхэн ч байхгүй. Ямар нэгэн төрийн албан хаагчийг золиослохгүй. Золиослох ёстой бол өөрийгөө золиосолъё.”
Түүнчлэн Боловсролын яамнаас гарсан гэх Excel файлын талаар тайлбарлахдаа уг файл нь судалгааны мэдээлэл болохоос эцсийн баримт биш гэдгийг онцоллоо.
“Өнгөрсөн тавдугаар сараас хойш манай яам бүх хувийн сургуулиуд дээр ажилласан. Бид сар бүрийн судалгааг хийж байгаа. Тиймээс би түүнийг буруутахгүй, үгүйсгэхгүй. Эксель файл нь бол судалгаа. Баримт биш. Монгол Улс Төсвийн тухай болон Тендерийн тухай хуультай.”
Сайд мөн төрийн байгууллагын дотоод мэдээлэл задрахтай холбоотой асуудлыг шалгуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлж, өөрөө хариуцлагаас зугтахгүй гэдгээ мэдэгдэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!