Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн Ерөнхий ассамблей болон Зохицуулах хорооны хуралдаан 2026 оны есдүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо боллоо. Тус арга хэмжээг БНСУ-ын Хууль тогтоомжийн яам зохион байгуулсан бөгөөд БНСУ-ыг төлөөлөн Хууль тогтоомж боловсруулах яам (MOLEG)-ны сайд Чо Вон Чоль, Монгол Улсыг төлөөлөн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбямба мөн Тайландын Хаант Улсын Төрийн зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хууль зүйн яам, Ардчилсан Холбооны Бүгд Найрамдах Балба Улс/Непал улс/-ын холбогдох яамны төлөөлөгч нар оролцлоо.
Хуралдаанаар Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн 2026 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг хэлэлцэхээс гадна Непал Улсын Хууль зүй, парламентын хэргийн яамны тус Зөвлөлд гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авч, хэлэлцэн, гишүүн улсаар элсүүллээ.
Түүнчлэн Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн үйл ажиллагааны дүрмийн дагуу Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамыг 2027 оны Ерөнхий ассамблейн даргаар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хууль зүйн яамыг 2027 оны Зохицуулах хорооны даргаар сонгов.
Энэхүү шийдвэрийн дагуу Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн Ерөнхий ассамблейн үйл ажиллагааг даргалан ажиллана.
Мөн тус Хуралдаанаар Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн 2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хууль тогтоомжийн салбар дахь хиймэл оюун ухааны хэрэглээ, улс орнуудын хууль тогтоомжийн мэдээллийн сангийн хөгжил болон гишүүн байгууллагуудын хамтарсан судалгааны чиглэлд анхаарал хандуулахаар тогтлоо.
Төлөвлөгөөнд туссан онцлох арга хэмжээнээс дурдвал 2027 оны тав болон арван нэгдүгээр сард “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах асуудал болон үүнтэй холбогдох хууль тогтоомж”, “Хууль тогтоомжийн мэдээллийн сангийн хөгжүүлэлт” сэдвээр туршлага солилцох цахим семинарыг тус тус зохион байгуулна. 2027 оны Ерөнхий ассамблей болон Зохицуулах хорооны хуралдааныг ирэх оны ес дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!