Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах зорилтот бүлгийн 293,200 иргэн байгаагаас өнөөдрийн байдлаар 179,546 иргэнийг хамруулаад байна.
Энэ жил улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг эрт эхлүүлсэн буюу есдүгээр сарын 4-нд эхлүүлж, томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулахаар төлөвлөсөн. Мөн аравдугаар сарын 3-ны өдрийг дуустал 6 сартайгаас 6 настай хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлэхээр болсон гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газар 2025 онд 300 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан бол энэ жил вакцины тоог 500 мянган тун болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр энэ жил зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамруулах боломжийг нэмэгдүүлсэн байна. Мөн томуугийн улирал эхлэхээс өмнө дархлааг нь тогтоох нь чухал учир ийнхүү дархлаажуулалтыг эрт эхлүүлж байгаа аж.
Энэ жилийн вакциныг ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цэнт вакциныг сонгож, Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ. Вакциныг зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүн амд үнэ төлбөргүй хийнэ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!