Заримдаа бид хүрэхийг хүссэн газартаа очихын тулд биш, харин бусдаас хоцрохгүйн тулд хичээдэг мэт.

Хэн нэгэн урагшилж байвал бид ч бас яарах ёстой мэт. Хэн нэгэн амжилтад хүрвэл бид ч бас яг тэр замаар алхах хэрэгтэй мэт. Бусдын амьдралд болж байгаа бүхнийг өөрийн амьдралтай харьцуулж, өөртөө хангалтгүй гэсэн мэдрэмж төрүүлэх нь бидний амьдралын зорилго гэж үү...

Илүү хурдан, илүү сайн, илүү ихийг бүтээхийн төлөө. Ядарсан ч зогсохгүй, хүсэхгүй байсан ч үргэлжлүүлнэ. Учир нь зогсох юм бол бусдаас хоцрох мэт бодолдоо өөрийн ертөц өнгө будгаа дүүжилж орхино.

Чи үнэхээр хүрэхийг хүссэн газар руугаа явж байна уу, эсвэл очих ёстой гэж өөртөө итгүүлсэн газар руугаа л зүтгэж байна уу?

Бид заримдаа буруу хаалга тогшихдоо бус, тэр хаалга нээгдэх хүртэл өөрийгөө хэчнээн их зовоож байгаагаа анзаарахгүй өдөр хоногийг өнгөрөөдөг. Бүх хүчээ дайчилж, бүхнээ зориулсан ч юу ч өөрчлөгдөхгүй байх үе бий. Тэр үед бид өөрсдийгөө хангалттай хичээхгүй байна хэмээн толгой гудаан буруутгадаг.

Гэтэл асуудал бидний хичээл зүтгэлд биш, сонгосон чиглэлд байж болох юм.

Үргэлжлүүлэх нь зориг шаарддаг шиг орхиход ч бас зориг хэрэгтэй. Өөрт тохирохгүй харилцаанаас, сэтгэлд нийцэхгүй ажлаас, бусдын хүлээлтэд нийцүүлэх гэж бүтээсэн дүр төрхөөсөө холдох зориг.

Учир нь бүхнийг тэвчиж үлдэх нь хүчтэй байгаагийн цорын ганц илрэл биш. Заримдаа өөрийгөө сонгоод, өөр замаар алхах нь хамгийн том зориг байдаг.

Амьдралд хүн бүрийн хүрэх газар өөр. Бидний алдаа бол өөрийнхөө замыг бусдын хурд, бусдын амжилтаар хэмжихэд оршдог. Бусад хүн аль хэдийн уулын оройд гарсан байхад бид уулын бэлд зогсож байж болно. Гэхдээ магадгүй бидний авирах ёстой уул тэр биш ч байж мэднэ.