Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр орон даяар эхэлнэ.
Энэ жилийн тэмцээнд 6000 гаруй шатарчин оролцох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд эхний шатны тоглолтууд энэ сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Эхний шатнаас сум бүрээс хоёр эрэгтэй, нэг эмэгтэй, дүүрэг бүрээс зургаан эрэгтэй, гурван эмэгтэй шатарчин шалгарч, ирэх сарын 19, 20-ны өдрүүдэд болох хагас шигшээ шатанд өрсөлдөх эрхээ авах юм.
Улмаар хагас шигшээ шатнаас шалгарсан шатарчид 2027 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотод болох шигшээ тэмцээнд оролцож, улсын аваргуудаа тодруулна.
Тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчны хувьд 1800), шатрын спортын улсын цолгүй, 25 нас хүрсэн хөдөлмөрийн насны шатар сонирхогчид оролцох эрхтэй.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!