Сурагчид хоолондоо хордсоор байна. Тодруулбал “Фаунд таун” ресторанаас өдрийн хоол нийлүүлдэг “Уудам Монгол” ахлах сургуулийн 14 сурагч хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тус сургуулийн  ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлжээ. Үүнээс 14 сурагч ХӨСҮТ -д хэвтэн эмчлүүлж, 5 сурагч гэрээр эмчлүүлж байгаа аж.

 

БЗД дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажиллажээ. "Уудам Монгол" сургуульд энэ сарын 11-ний өдөр өдрийн хоолонд тахианы зутан шөл, үхрийн махан котлет олгогдож, нийт 103 сурагч, 9 багш, ажилтнууд хоолложээ. Тус сургуулийн хоолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ”Фаунд таун” ресторанаас гэрээний үндсэн дээр нийлүүлдэг аж.