Балба улсын анхны тэрбумтан, бизнесмэн, улс төрч, аялагч Бинод Чаударигийн “Making it big” номыг Капитрон банктай хамтран Монгол хэлнээ хөрвүүлэгдэн “Зангаргатай хөдөл” нэртэйгээр Монголын уншигчдын гэгээн оюунд ийнхүү өргөн барьж байна.

Тус номны нээлт өчигдөр буюу 2022.03.15-ны өдөр болсон бөгөөд нээлтэд Монголын эдийн засаг, бизнес, утга зохиолын салбарын төлөөлөгчдөөс гадна дипломатчид, сэтгүүлч нийтлэлчид хүрэлцэн ирж, оролцлоо. 

Номын зохиогч Бинод Чаудари бол салбар бүрт амжилттай ажиллаж буй компаниудаас бүрдсэн, дэлхийн зах зээл дээр олон арван брэнд бүтээгдэхүүнтэй үндэстэн дамнасан конгломерат корпорац болох “Чаудари групп”-ийн ерөнхийлөгч хүн юм. 

Бизнесийн салбарт бүтээсэн амжилтын түүх,  бүтээлч зөвлөгөөнүүд, арвин их туршлагыг хүүрнэх уг бүтээл нь монгол уншигч нарт, тэр дундаа залуу бизнесмэнүүдэд хүрснээр тэдэнд бизнесээ оновчтой бөгөөд тууштай эрхэлж хэрхэн олон улсын хэмжээний бизнесээ амжилттай босгож, Forbes-ын тэрбумтан болох боломжтойг өөрийн замналаар харуулснаараа онцлогтой болоод ач холбогдолтой бүтээл болсон юм.

“Зангаргатай хөдөл” ном нь дэлхийн олон орны хэл дээр орчуулагдан, хэвлэгдсэн ба хүүхэд залуучууд, бизнес эрхлэгчдэд урам зориг өгөх бүтээл болж чадсан билээ. Тус ном нь “Интерном” номын бүх салбараар худалдаалагдана.