Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдөр Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нартай уулзаж, үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан санал солилцохын сацуу үүрэг, чиглэл өгсөн. 

Ингэхдээ зайлшгүй шаардлагаар орон нутагт томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд том оврын автотээврийн хэрэгслийг Улаанбаатар хотын дотор хэрэглэхийг хориглох, 2022 оны төсөвтөө дахин таналт хийх, шинээр автомашин, тавилга зэргийг худалдан авахгүй байхыг үүрэг болгосон. 

Мөн төрийн болон орон нутгийн өмчит компаниудын зардлыг дахин хянаж, бүрэн хэмнэлтийн горимд шилжүүлэх, төрийн худалдан авалт, тендерийг ангилж, нэн шаардлагатайгаас бусад тендерийг  зогсоох, Шилэн дансанд хяналт тавих, төрийн байгууллагуудын орон тоо, зардлыг боломжит түвшинд хүртэл бууруулах, энэ талаар авсан арга хэмжээнийхээ талаар яаралтай танилцуулахыг үүрэгдсэн.

Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын (техникийн үзлэгт хамрагдсан) автомашины тоо 2021 оны жилийн эцсийн байдлаар 9879 байна.

Үүний 1767 (17.9%) нь жижиг тэрэг, 1364 (13.8%) нь том оврын, 664 (6.7%) нь дунд оврын автомашин байна.

Том оврын машинуудын 98 нь LEXUS, 152 нь NISSAN, 906 Land cruiser автомашин байна.