НӨАТ-ын буцаан олголтын хувийн нэмэх, сугалаатай холбоотой асуудал иргэдийн анхаарлын төвд байдаг сэдэв. Манай улсын хувьд НӨАТ-ын буцаан олголтын хүрээнд явуулдаг байсан сугалааг өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн түр хугацаанд зогсоосон. Тухайн үед Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар “НӨАТ-ын тогтолцоо бол сүүлийн 32 жилийн хугацаан дахь хамгийн зөв татварын тогтолцооны нэг систем. Энэ бол дэлхийн 162 улсад байдаг сонгодог тогтолцоо. НӨАТ-ын 10 хувь өндөр дүнд орохгүй. НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино. Сугалаа тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн” хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл иргэдийн зүгээс НӨАТ-ын сугалаа зогссон юм чинь буцаан олголтын 2 хувиа нэмэгдүүл гэх саналыг гаргах болсон. Тэгвэл Сангийн яамнаас НӨАТ-ын буцаан олголтын  хувийг нэмэх нь өндөр орлоготой иргэдэд л ашигтай гэдгийг мэдэгдлээ. 

Тодруулбал, манай улс өмнө нь сард 1 тэрбум гаруй төгрөг сугалаанд олгодог байжээ. Харин буцаан олголтод жилд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулагддаг байна. Тэгэхээр сугалааг зогсоож,  буцаан олголтын хувиа нэмэгдүүлэх нь төсөвт хүндрэл учруулах магадлалтай аж. Түүнчлэн манай иргэд сард дунджаар 15-17 мянган төгрөгийн буцаан олголт авдаг. Хэрвээ буцаан олголтыг нэмэгдүүлж, 5 хувь болголоо гэхэд дээрх мөнгөн дүн төдийлөн нэмэгдэхгүй, дунджаар 20 мянга болж нэмэгдэх л тооцоо гарчээ. Харин өндөр орлоготой иргэдэд ашигтай тусахаар байна. Тухайлбал тэрбум төгрөгийн байр авсан хүн хоёр хувийн буцаан олголтоор 20 сая төгрөг авч байсан бол 5 хувийн буцаалтаар 50 сая авахаар байгаа талаар Сангийн яамнаас мэдээлж байна.

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн: 


-    Манай улсын хувьд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтод жилдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна. Мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлснөөс гадна эрүүл мэнд, боловсролын зэрэг байгууллагууд буцаан олголт өгдөггүй. Энэ утгаараа дундаж орлоготой өрхийн НӨАТ-тай хэрэглээ харьцангуй бага байдаг. НӨАТ-ын баримт бүртгүүлж байгаа өрхүүдийн 70 орчим хувь нь сард 14-17 мянган төгрөгийн буцаан олголт авдаг. Хэрэв буцаан олголтын 2 хувийг 5 болгож нэмэгдүүлбэл нэг өрхөд очих мөнгө дунджаар 20,000 төгрөг болно. Гэтэл НӨАТ-ын буцаан олгож байгаа жилийн нийт үнийн дүнгийн 60 хувь нь өндөр орлоготой иргэдэд ногдож байгаа юм. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх нь дундаж орлоготой бус, өндөр орлоготой өрхүүдийг л дэмжсэн бодлого болно. Нөгөө талаар дэлхий нийтээрээ өндөр инфляцтай, эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед өндөр орлоготой иргэдээ дэмжсэн татварын бодлого явуулах шаардлагагүй. Өчигдөр АНУ гэхэд л өндөр орлоготой иргэдээсээ авах татвараа нэмэгдүүлсэн.