Манай улсад НӨАТ-ын сугалааны систем нэвтрээд таван жилийн нүүрийг үзэж буй. Гэвч сар бүр сугалаа явагдах үед урамшууллыг цөөхөн хүн хүртэж байна, луйвар орлоо. Энэ системийг хийсэн хүмүүс удаа дараа өндөр дүнтэй сугалаа хожсон гэх хардлага гарсаар ирсэн. Хэдийгээр энэ талаар хууль хяналтын байгууллага болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас удаа дараа шалгалт хийж зөрчил илрүүлээгүй ч, иргэдийн итгэл буурсаар байсан учир 2022 оны дөрөвдүгээр сарын 18-наас НӨАТ-ын урамшууллын сугалааг зогсоох шийдвэр гаргасан. 


Тэгвэл сугалааг зогсоосноос хойш хэвлэгдсэн баримтын тоо буураагүй ч иргэд худалдан авалтын баримтаа бүртгүүлэх идэвх буурчээ. Судалгаагаар хэвлэгдсэн баримтыг уншуулж баталгаажуулах дундаж хувь 64 хувь байсан бол дөрөвдүгээр сараас хойш 50 хүртэл  хувиар буурсан байна. Тэр дундаа НӨАТ-ын нийт хэвлэгдсэн баримтад дунджаар 42 хувийг эзэлдэг 10,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй баримтын баталгаажуулалт 61-32 хувь болтол бараг хоёр дахин буурчээ.

Иймд Сангийн яамнаас НӨАТ-ын сугалааг дахин явуулахаар ярилцаж эхэлжээ. Ингэхдээ өмнөх системээ улам боловсронгуй болгож, сугалааг ил тод явуулах замаар иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх талаар хэд хэдэн хувилбар боловсруулж байгаа аж.

Олон сугалаа бүртгүүлэх тусам азтан болох боломж нэмэгдэнэ

Тухайлбал, олон сугалаа бүртгүүлэх тусам азтан болох боломж нэмэгдэж, өндөр шагналтай сугалаанд оролцох эрх нээгддэг байх хувилбарыг ярилцаж байна.  Хэрэв 10 хүртэлх баримт бүртгүүлсэн хүнд сугалааны 3 орон таарвал 30,000, 5 орон таарвал 60,000 төгрөг хожих боломж нээгдэх бол 51-ээс дээш баримт бүртгүүлсэн хүний 3 орон таарвал 60,000, 5 орон таарвал 500,000 төгрөгийн азтан болох боломжыг бүрдүүлэх гэнэ.

Мөн өмнө нь супер азтан тодрохгүй байх тохиолдол гардаг байсан. Тиймээс үүнийг тухайн улиралд хэвлэгдсэн баримтуудын дугаарын хүрээнд бүх хонжвор дээр заавал азтан тодордог байхаар шинэчлэх аж. Ингэснээр жилд 550,000 орчим азтан тодрох нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байна. 

Тухайн орон нутгийн баримтын хэвлэлтийн тооны өсөлтөөр урамшууллыг нэмэгдүүлнэ

Түүнчлэн орон нутгийн баримт бүртгүүлэлтийг дэмжих үүднээс урамшууллын тогтолцоо нэвтрүүлэх  талаар ч яригдаж байна.  Ингэхдээ сугалааны тохирлын урамшууллыг худалдан авалт хийсэн аймаг, нийслэл дэх төлбөрийн баримтын хэвлэлтийн тооны өсөлтөөр нэмэгдүүлж олгох гэнэ. Тухайлбал, Орхон аймагт хэвлэгдсэн төлбөрийн баримтын тоо 2021 онтой харьцуулахад 23 хувиар өсжээ. Хэрэв тус аймагт хэвлэгдсэн баримтаар 30 мянган төгрөг хожвол урамшууллыг 23 хувиар нэмэгдүүлж, 36,957 төгрөг олгох байдлаар зохицуулахаар ярилцаж байна. Хэдийгээр дээрх хувилбарууд эцсийн байдлаар батлагдаагүй ч ийм хувилбаруудаар иргэдийг идэвхжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Цаасгүй баримтыг нэвтрүүлэх боломжтой

Иргэдийн дунд баримтаа баталгаажуулах үед гардаг нэг дутагдал нь цаасан баримтаа бүртгүүлэх. Зарим баримтынх нь QR код уншигдахгүй, сугалааны бичилт нь бүдэг байх зэрэг шалтгаанаас болж, иргэд тухайн баримтыг баталгаажуулж чаддаггүй. Тэгвэл уг асуудлыг цаасгүй баримтаар шийдэхээр яриа хэлцэл эхний түвшинд хийжээ. Тухайлбал, аль нэг банкны пос машинаар картаа уншуулахад баримт нь автоматаар бүртгэх асуудлыг банкны удирдлагуудтай ярилцсан байна. Харин банкныхан энэ асуудалд нэлээн ул суурьтай хандаж байгаа бөгөөд харилцагчидаа алдахад вий гэх болгоомжлолтой байгаа аж. Хууль эрхзүй болоод техник технологийн хувьд манайд энэ системийг нэвтрүүлэх бүрэн боломжтой ч одоогоор хэрэгжих эсэх нь тодорхойгүй байна.