Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia 2022” чуулга уулзалт, үзэсгэлэн хоёр дахь өдрөө Shangri La зочид буудалд үргэлжилж байна. “Сэргэлтийг хамтдаа” уриан дор болж байгаа 10 дахь удаагийн “Coal Mongolia” чуулга уулзалтын өнөөдрийн хуралдаан “Нүүрс экспортлогч компаниудыг зам тээврийн бодлогоор дэмжих нь” сэдвээр хуралдаан эхлэх юм.

Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд баруун босоо тэнхлэгийн 1600 гаруй км төмөр замын төслийн концессын  эрхийг төрөөс “Монголын төмөр зам” компанид олгосон. Тус компанийн Хөрөнгө оруулалтын газрын менежер А.Балдандорж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн явц, стратегийн ач холбогдлыг хэлэлцүүлэх бол Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдлыг “Монгол тээвэр нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга С.Ганболд танилцуулах юм. Экспортын нүүрсний тээвэрлэлтийн гол бүтээн байгуулалт болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж, байгуулсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын өнөөгийн байдал”-ыг хэлэлцүүлнэ.

“Нүүрс экспортлогч компаниудыг зам тээврийн бодлогоор дэмжих нь” сэдэвт эхний хуралдаанд “УБТЗ”-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан “Нүүрсний салбарын ачаа тээврийн өнөөгийн байдал, цаашдын хэтийн төлөв”-ийг тодорхойлох юм. Энэхүү хэсэгт Засгийн газраас хэрэгжүүлж буй боомтын сэргэлт нүүрсний салбарт хэрхэн тусгалаа олж байгааг Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс танилцуулна.