“Ковид-19” цар тахлын улмаас сүүлийн хоёр жил өнжсөн “Coal Mongolia -2022” чуулган хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна. Төр засаг, хувийн хэвшил, уул уурхайн салбарын тал талын оролцогчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөллийг нэгтгэсэн энэ намрын хамгийн том арга хэмжээ өнөөдөр Төмөр зам, эрчим хүч, орон нутгийн хөгжлийг онцолж байна.
Манай улсын нүүрсний экспорт он гарснаас хойш өдгөө 15 сая тонн руу дөхөөд байна. Энэ жилийн хувьд улсын төсөвт тодотгол оруулж, нүүрсний экспортын хэмжээг хоёр дахин бууруулж, 18 сая тонн болгосон. Оны эцэс гэхэд нүүрсний экспорт 20 сая тонн давна гэсэн хүлээлт салбарынхан дунд байна. Гэвч улсын төсвийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг нүүрс тээвэрлэлтэд асуудал байсаар байна. Ялангуяа нийт тээврийн аравхан хувийг бүрдүүлдэг дотоодын тээвэрчид хохирч байгааг Монгол тээвэр нэгдэл ХХК дуулгаж байна.
“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Ганболд:

- Цар тахлын улмаас “Coal Mongolia -2022” чуулган хоёр жилийн дараа зохион байгуулагдаж байна. Тухайн үед нүүрсний тээврийн асуудал их хүнд байлаа. Тээвэр 150 км үргэлжлэх тохиолдол ч байсан. Үүнээс хойш асуудал цэгцэрсэн ч ковидын улмаас тэг зогсолт хийсэн. Өнөөдрийн байдлаар нүүрсний тээвэр сэргэх шатандаа орж байна. Гэхдээ нэг асуудал байгаа нь тээвэрчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал, үнэ хөлсний асуудал хүндэрлээ. Тиймээс энэ удаагийн “Coal Mongolia -2022” чуулганаар дамжуулан төр засагтаа болон худалдан авагч талд санал тавина.
- Аливаа тээвэр зөвхөн нүүрсний үнээс хамаардаггүй. Шатах, тослох материалаас хамаарч тээврийн үнэ хөлс тогтох ёстой. Дуртай үедээ, дуртай тоогоо хэлдэг баймааргүй байна. Заримдаа тээврийн хөлс 1000 юань ч хүрэх тохиолдол байна. Тиймээс нүүрсний тээвэрт жишиг үнийг тогтоох ёстой. Жишиг үнээ шатахуун, тос тослох материалын үнэтэйгээ уялдуулж, доод үнийг тавьж өгмөөр байна.
- Нүүрсний тээврийн дөнгөж арав гаруйхан хувийг монгол тээвэр буюу дотоодын тээвэрлэгчид эзэлдэг. Одоо уртын тээвэр 80 юань. Энэ бол 4-5 жилийн өмнөх тариф. Тухайн үед шатахуун, түлш ямар үнэтэй байлаа, одоо хэд болсон билээ. Хэрэв жишиг тээврийн үнийг тогтоож өгөхгүй бол дотоодын тээвэрчид өгөөжөө хүртэж чадахгүйд хүрнэ. Зарим нь өлсгөлөн зарлах тухай ч ярьж байна.
- Монгол тээвэр нэгдэл ХХК бол 20 гаруй компанийн нэгдэл. Манайхаас 4 сарын өмнө 3 яаманд санал өгсөн. Тээврийн зохион байгуулалтаа сайжруулж, үнэ хөлсөө уялдуул гэж. Тээвэрчдийн асуудлыг Боомтын зөвлөл хариуцдаг. Гэтэл Зам тээврийн хөгжлийн яам юу хийж байна вэ. Тэд ажлаа хиймээр байна гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!