Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэнг 10 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотод 6 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. 

Хоёр жил тутам зохион байгуулж ирсэн “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэн нь өнөө жил “Эрдэс баялгаас Эдийн засгийн хөгжилд" уриан дор болох юм. Тус хуралд эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, Төр засгийн байгууллагууд, Эрдэмтэн судлаачид, Их дээд сургуулиуд, ханган нийлүүлэгчид, лабораториуд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлөөллүүд оролцож салбарын техник, технологийн шинэчлэл, баяжуулах үйлдвэрүүдийн сайн туршлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, туршилт судалгааны ажлын үр дүн, хууль эрхзүй, татвар зэрэг эрдэс боловсруулалтын салбарын асуудлаа хамтдаа хэлэлцэхээр байна. 

 6 дахь удаагийн “Эрдэс боловсруулалт-2022” хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбоо, дэмжигч байгууллагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар ажиллаж байгаа бөгөөд олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэн Миллениум Плаза зочид буудалд өндөр хэмжээнд зохион байгуулагдах юм.

Энэхүү ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалтын олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэн нь Монгол Улсын эрдэс боловсруулалтын салбарт хийгдэж буй техник технологийн тасралтгүй сайжруулалт, туршилт судалгааны үр дүнг танилцуулах, тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа хэлэлцэж бодит байдалд нийцсэн шийдвэр зөвлөмжүүдийг гаргах, төр засаг, шийдвэр гаргагчдад уламжлах, улмаар хуульд нийцүүлэн тусгуулах, ажил хэрэг болоход анхаарч, зорьж ирсэн билээ.