Санхүүгийн салбарын 2022 оны гуравдугаар улирлын тоймыг Санхүүгийн зохицуулах хорооноос танилцууллаа. 

Өнгөрсөн гуравдугаар улиралд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгө өнгөрсөн оны мөн үеэс 1.4 пунктээр буурчээ. ДНБ-ний 20.7 хувьд хүрсэн байна.  Үүнээс, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулахад 11.1, даатгалын зах зээл 1.1, ББСБ 7.9, Хадгаламж зээлийн хоршоо 0.6 хувьтай тус тус байна.

 Тухайлбал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 3.7 хувь буюу 181.6 тэрбум төгрөгөөр буурч 4,788.3 тэрбум, хувьцааны хөрвөх чадвар 2.7 хувьд хүрчээ. Тус улиралд нийт 328.4 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдснаас 45.8 хувийг хувьцаа, 32.0 хувийг компанийн бонд, 21.2 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 1.0 хувийг хөрөнгө оруулалтын сан тус тус эзэлж байна.

ТОП 20 ХК-уудын зах зээлийн үнэлгээг салбараар ангилбал: 

  • Аж үйлдвэр 56.3 хувь,
  • Уул уурхай 19.7 хувь,
  • Банк санхүүгийн салбар 17.4 хувь,
  • Худалдаа үйлчилгээ 4.4 хувь,
  • Харилцаа холбоо 2.2 хувийг тус тус эзэлж байна.

Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс 2022 оны 3 дугаар улирлын байдлаар биржийн бус зах зээлд нийт 54 үнэт цаас гаргагчийн 67 компанийн бонд гарсан бөгөөд 681.7 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлээд байна.