Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмэх сургаар Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн ашиг сонирхол дээд цэгтээ тулжээ. Нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүдтэйгээ амь нэгтэй байгаагаа зарласан Бүлгийн дарга О.Цогтгэрэл нь “Эвлэрэх ажлын хэсэг” гээчийг байгуулж, Ц.Элбэгдоржийн гэх тодотголтой хүмүүсийг голлон урьсан. Уг ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь гишүүн “Зөвлөх ажлын хэсэгт С.Эрдэнэ, Х.Баттулга нарын 20 хүн орсон” гэж мэдэгдсэн ч өөрсдөөс нь асуулгүй зүгээр л нэрийг нь биччихсэн бололтой. Учир нь, АН-аас долоо хоног бүр зохион байгуулдаг 4/11 мэдээллийн цагаар АН-ын дарга С.Эрдэнэ “Эвлэрэх ажлын хэсэг” гээчийг АН-аас албан ёсоор байгуулаагүй. 

Өөрөө ч тэр ажлын хэсэгт нь ороогүй” гэдгээ мэдэгдсэн. Энэ ажлын хэсгийн зорилго нь АН-ын ҮБХ-г зарлан хуралдуулж, АН-ын дараагийн даргыг сонгох юм гэсэн. Гэтэл АН-ын ҮБХ-г зарлан хуралдуулах эрх АН-ын дарга С.Эрдэнэд л бий. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт ҮБХ хуралдуулах эрх байхгүй. ҮБХ-г хуралдуулах өөр нэг гарц байгаа нь ҮБХ дүрэмд заасны дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрч, хуралдахаа больсон тохиолдолд нийт гишүүдийн 3/1-ийн саналаар хуралдах дүрэмтэй. Гэтэл АН-ын ҮБХ сард 1-2 удаа тогтмол хуралдаж байгаа төдийгүй үйл ажиллагаа нь хэвийн гэхээсээ бүр идэвхтэй явагдаж байна. Тэгэхээр энэ заалтыг ашиглах боломжгүй байгаа аж. 

Тиймээс “Эвлэрлийн ажлын хэсэг”-ийнхэн АН-ын ҮБХ-ны үе үеийн гишүүдийг цуглуулж, хуралдуулж байгаад дараагийн даргаа сонгох хувилбар дээр тогтжээ. Ойлгомжтой болгохын тулд жишээ татахад 1992 онд анхны УИХ байгуулагдаж байв. Түүнээс хойш 30 жилийн хугацаанд нийт найман парламентад 608 гишүүн сонгогдож байж. Тэднийг бүгдийг цуглуулж хуралдаад ҮХНӨ хийхтэй үүнийг зүйрэлж болох юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн бүрэн эрх дуусгавар болох гэдэг асуудал энд хөндөгдөж байна. Хуулиар бүрэн эрх нь дууссан гишүүн УИХ-ын үйл ажиллагаанд оролцож, хууль баталж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг сонгож болдоггүйтэй адил АН-ын ҮБХ-ны гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсон гишүүдийг цуглуулж байгаад АН-ын дүрэмд өөрчлөлт оруулж, даргыг нь сонгож болохгүй. Товчхондоо хууль ёсны тамга, тэмдэгтэй, Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нэр нь бичээстэй байгаа С.Эрдэнэ даргын оролцоогүйгээр АН-ын дараагийн даргыг сонгох оролдлого бүр мухардалд орох юм. Учир нь, Улсын Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд дурдсанаар “УБЕГ-аас олгосон албан ёсны гэрчилгээн дээр АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн байна. 

Иймд тамга тэмдэгтэй холбоотой маргааныг УБЕГ хариуцах чиг үүрэгтэй” болохыг зааж өгсөн. Харин УБЕГ-аас АН-ын хуулийн этгээдийн гэрчилгээг үндэслэн С.Эрдэнэд хууль ёсны хүчинтэй тамгыг өгсөн байдаг. Тэгэхээр Ж.Батсуурь гишүүний ахалсан ажлын хэсэг АН-ын үе үеийн ҮБХ-ны гишүүдийг хуралдуулсан “Юу”-ны гэх нь тодорхойгүй хурлаас ямар нэгэн шийдвэр гаргалаа гэхэд түүнийг нь хэний гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажуулах нь ч ойлгомжгүй байна. Ж.Батсуурь гишүүн гарын үсэг зурж, АН-ын бүлгийн тамгыг дарна гэж бодоход АН-ын бүлгийн даргаас Д.Ганбатыг огцруулж, О.Цогтгэрэлийг сонгосон асуудал нь Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсээд явж байгаа. АН-ын бүлгийн дарга, тамганы асуудал эцэслэгдээгүй байгаа гэсэн үг.

 Дээр нь АН-ын бүлгийн тамга хүчинтэй байлаа ч Улсын Дээд шүүх түүнийг нь хүлээн авах ямар ч эрх зүйн боломж байхгүй. Угаасаа авах ч үгүй биз. Ёстой л эс мэдэх зүгт явж үл мэдэх зүйлийг олж ир гэдэг шиг үл ойлгогдом “Эвлэрлийн ажлын хэсэг” гээч нь юуны тулд, хэний төлөө ийн жүжиг тавьж байгаа нь сонирхолтой. Үүнд хариулт хайж үзье. Нэгдүгээрт, 40 их наядын нүүрсний хулгайд АН-ын бүлгийн гишүүн Ажнай Д.Бат-Эрдэнэ, Д.Адъяасүрэн нар холбогдон шалгуулж байгаа. Тэдний араас О.Цогтгэрэлийн нэр ч дуулддаг. Тиймээс тэд эрх ашгаа нэгтгэж байгаад улстөрийн хамгаалалт хийхгүй бол “ачигдах” магадлал нь өндөр болоод байгаа юм. Учир нь, АН-ын дарга С.Эрдэнэ “Нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүс намын харьяалал харгалзахгүй шалгуулах ёстой” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдсон гишүүддээ АН улстөрийн хамгаалалт үзүүлж, хаацайлахгүй гэдгээ тодорхой хэлсэн. 

Түүний энэ байр суурь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг төв АН-аасаа тусдаа улстөрийн тоглолт хийж, МАН-тай тохиролцоо хийхээс өөр аргагүй байдалд оруулсан бололтой. Түүнчлэн ҮХНӨ хийж, сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмэх сургаар МАН-тай сонгуулийн тохироо хийх гэж байгаа нь тодорхой харагдаж байна. Учир нь, өнгөрсөн оны наймдугаар сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудал хурцаар хөндөгдөж байх үед АН-ын бүлгийн гишүүд засаг огцруулах нь бүү хэл засагт нь багтахаар гүйлдэцгээж байв. Гүйгээд зогсохгүй сайдын суудал булаалдаж, чи бидээ тулж, 10 хүнтэй бүлгийн ирцээ бүрдүүлж чадахгүй будилсаар сайд болох хүслээ салхинд хийсгэж байв. Ингэж албан тушаалын төлөө сүнсээ худалдахаас ч сийхгүй явсан тэд өнөөдөр эвлэрэл нэрийн дор АН-аа худалдахаар арга сүвэгчилж явна. 

Уг нь сөрөг хүчин эрх баригчдад хяналт тавьж, алдаа гаргавал хариуцлага тооцож огцруулдаг зарчимтай. Энэ зарчим 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гэж байхад Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар Ерөнхийлөгч Х.Баттулгатай нийлж урваснаар алдагдаж, одоог хүртэл сэргээгүй л байна. Өөрөөр хэлбэл, АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд сөрөг хүчний үүргээ биелүүлэхийн оронд эрх баригчидтай ойлголцох нэрийн дор хуйвалдах, үүнийхээ төлөө албан тушаал, эрх мэдэл эд хөрөнгөөр хангагдах л сонирхолтой болсон нь илт анзаарагддаг болсон. Иймд өнөөдрийн “Эвлэрэх ажлын хэсэг” хэмээх жүжиг бол хуурмаг эвлэрлийн цаадах хуйвалдах хүсэл гэхээс өөр хэлэх үг алга даа.

Эх сурвалж:  "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 2 (6987)