Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэр”-ийн барилгын шав тавих ёслол болж, төслийн барилга угсралтын ажил албан ёсоор эхэллээ.

Тус үйлдвэр нь өдөрт 10 бод, 100 бог мал төхөөрөх хүчин чадалтай, 100 тоннын багтаамжтай хөргөлтийн агуулах, хаягдал ус цэвэршүүлэх станц бүхий орчин үеийн, эрүүл ахуйн стандарт хангасан жишиг үйлдвэр байх юм.

Уг төслийн нийт санхүүжилт 18.5 тэрбум төгрөг бөгөөд хөрөнгө оруулалтыг “Оюу толгой” үйлдвэр бүрэн хариуцаж байна.

Үйлдвэрийг Ханбогд сумын малчдын дундын хоршоо болох “Галбын говийн торгон сүрэг” хоршоо эзэмшиж, ашиглах бөгөөд ашиглалтад орсноор малчдаас түүхий эдийг тогтвортой, зах зээлийн үнээр худалдан авах, орон нутгийн хүн амыг чанарын баталгаатай мах, махан бүтээгдэхүүнээр хангах, цаашлаад экспортын боломж бүрдэх юм.

Төслийг төр, хувийн хэвшил, нийгмийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд барилга угсралтын ажлыг “Таван орд” ХХК гүйцэтгэж, 2027 оны дөрөвдүгээр сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАН 

2026 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.