ШУУД: УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж байна.

АН-ын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ: 

- Бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл,  Засгийн газраас Эрдэнэс тавантолгой ХК-д БЭТ томилсон асуудал, Төсвийн дагалдах хуулийн хүрээнд Уул уурхайн биржийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцлээ. 

- Монголын хамгийн том тулгамдсан асуудал бол яах аргагүй авлигал, авлигалжсан тогтолцоо. Авлигатай тэмцэхийн тулд нээлттэй, өрсөлдөөнтэй, ил тод байх ёстой. Ногоон автобус, нүүрсний гэрээ гэх мэт шууд худалдан авалт буюу өрсөлдөөнгүй худалдан авалт хийснээр ямар их авлига бугшиж байгааг харцгаасан. Гэтэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн дагалдах 20 гаруй хуулийн зөвхөн нэг дээр гэхэд л нийслэлтэй холбоотой бүх худалдан авалтуудыг шууд худалдан авна гэж байна. Өрсөлдөөнгүй, сонгон шалгаруулалтгүй, нээлттэй тендергүйгээр авна гэж байна. 


- Засгийн газраас БНМАУ-ын хуулийн үндэслээд Эрдэнэс тавантолгой ХК-д БЭТ дахин томиллоо. Бараг агуулгаараа хүчингүй болсон байх магадлалтай хуулийг ҮХЦ- асуудал үүсгэх ёстой. Үүнд бас л шууд худалдан авалтууд хийгдэнэ.

- Уул уурхайн биржийн тухай хуульд Төрийн болон төрийн өмчийн оролцоотой бүх уул уурхайн компаниуд бараа бүтээгдэхүүн зарахдаа  биржээр арилжихаар заасан. Гэтэл одоогийн нэмэлт өөрчлөлтөөр стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд биржийн бус арилжаагаар зарж болно гээд заачихсан байна. Нөгөө авлигатай тэмцэх уриа лоозон хайчив. 

- ЭТТ дээр БЭТ томилоод ихэнх худалдан авалтуудаа шууд авчихна, энд Биржийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад биржийн бусаар зарахаар хуульчилчихаар БЭТ шууд худалдан авалтын гэрээг урт хугацаагаар хийчихвэл ард түмний эсэргүүцээд байгаа авлигалын тогтолцоог хуулийн дагуу болгох гэж байна.  Өөрөөр хэлбэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжгүйгээр оффшор гэрээг хуульчлах гэж байна. Магадгүй үүний цаана улстөрийн олон ажилд бэлдэж байгаа юм биш биз. Мянган мянган ногоон автобусны худалдан авалтыг хуулийн хүрээнд хий гэж байгаа юм уу. Манай бүлэг чуулган дээр байр сууриа илэрхийлнэ.