Боловсролын сайд П.Наранбаяр хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбогдуулан мэдээлэл хийж байна…

2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын сайд П.Наранбаяр хэд хэдэн чиглэлээр мэдээлэл өглөө.

П.НАРАНБАЯР:

- ЕБС-ийн хүүхдийн дүрэмт хувцасыг өөрчлөх, судалгаа хийх, стандартад өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгууллаа. Ингэснээр ирэх жил сурагчдын дүрэмт хувцсыг өөрчлөх боломжтой болно. Яамны зүгээс дотооддоо үйлдвэрлэсэн, ханцуйтай болон ханцуйгүй поло цамцыг санал болгож байгаа. Эцэг эх, сургуулиуд сонголтоо хийнэ. 

-  Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын дүнг 1,000 төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг Засгийн газрын тогтоолоор гаргуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоол гарч, хүүхдийн хоолны мөнгө 500 төгрөгөөр нэмэгдсэн. Ингэснээр хоол хийх түүхий эдийн зардал 2,500-3,000 төгрөг болсон.  Мөнгөн дүн нэмэгдсэнээр хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн хэмжээ 52, 53 хувьтай болсон. Гэхдээ хүүхдүүдийн гэдэс хонхолзсон хэвээр байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө дахин 1,000 төгрөгөөр нэмэгдсэнээр тэдний авах шим тэжээл 70 гаруй хувьд хүрнэ.

- Хоолны зардлыг хүүхдээ цэцэрлэгт өгч байгаа ээж, аав нь даана. Жишээлбэл сард 22 өдөр хүүхдээ цэцэрлэгт өглөө гэж тооцвол 22,000 төгрөг буюу хоол хийх түүхий эдийнх нь зардлыг нэмэгдүүлэх юм. Ингэснээр хүүхэд цадах хэмжээндээ хүртэл хоол идэх боломжтой болно. 

- Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх нь хуваалцана гэсэн заалт бий. Бид энэ асуудлыг хөндөж яриад найман жил болсон ч шийдэл гараагүй байсан. 

- Түүнчлэн нэгдүгээр ангийн хүүхдүүдийг харандаагаар бичүүлэх зөвлөмж өглөө. Хүүхдэд алдах, алдаагаа засах эрхийг нь өгөх хэрэгтэй. Үзгээр бичүүлээд буруу бичсэн тохиолдолд дахин бичүүлдэг явдал нь хүүхдэд стресстүүлж, даалгаврын ачааллыг нэмэгдүүлдэг. Тиймээс нэгдүгээр ангийн хүүхдийн даалгаврыг 20 минутаас илүү гарахгүй байхаар мэргэжлийн байгууллагууддаа хандаж байна.

- 1-5 дугаар ангийн сурах бичгийг шинэчлэхээр 254 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт судлаачид оролцсон. Эхний хувилбар ирэх 11 дүгээр сард гарна, 100 гаруй сургууль дээр туршилт хийнэ.

-  Мөн 1-5 ангид "Унших бичиг"-ийн хичээлийг сэргээхээр шийдвэрлэсэн. Ингэснээр хүүхдүүдийн унших чадварыг нэмэгдүүлнэ. Унших бичгийн сурах бичиг нь орчин үеийн технологитой хослуулсан байхаар ажиллаж байна. 

- Сургууль болон цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийн 20 хүртэлх хувийг хамран сургах тойрогт нь шилжүүлэн ажиллана. Өнөөдрийн байдлаар нэг цэцэрлэг болон сургуулийнхаа захирлын албан тушаалд 20 оос дээш жил ажилласан 34 хүн байна. Энэ нь сайн туршлага сургууль, цэцэрлэг дээр очихгүй байна гэсэн үг. Энэ бол захирал, эрхлэгчдийн хүсэлтийн дагуу шийдвэрлэгдэнэ.