2025 оны 12 дугаар сарын 31-нд дуусах КОЙКА Рафаэл Интернэйшнл байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг эрт илрүүлэх сонсголын шинжилгээний орчныг сайжруулах төсөл” (2023–2025) дуусах шатандаа хүрээд байна. Төслийн хүрээнд Монгол Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт сонсголын шинжилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг албан ёсоор үнэ төлбөргүй хүлээлгэн өгч, Монгол Улсад сонсголын шинжилгээний чанарыг ахиулахад томоохон хувь нэмэр оруулав.

Тус төсөл нь Монгол иргэдийн сонсголын эрүүл мэндийг сайжруулах, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх зорилготойгоор хэрэгжсэн бөгөөд энэхүү тоног төхөөрөмжийн хүлээлгэн өгснөөр Монголын эрүүл мэндийн байгууллагууд бие даан, стандартын дагуу, үнэн зөв сонсголын шинжилгээ хийх чадавхтай болсон чухал алхам боллоо.

Хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийн дундаас хамгийн онцлох нь “Audiometer Calibration Set – Сонсголын шинжилгээний төхөөрөмжинд тохируулга(калибровк) хийх иж бүрдэл” юм. Энэ нь Монгол Улсад анх удаа нэвтэрч буй мэргэжлийн калибровкийн багаж бөгөөд Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж буй ихэнх сонсголын шинжилгээний төхөөрөмжийг(Audiometer) жил бүр тогтмол тохируулан баталгаажуулах (Yearly Calibration) боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр УГТЭ болон Монголын Чих, Хамар, Хоолойн эмч нарын Нийгэмлэг нь улсын хэмжээнд сонсголын шинжилгээний үнэн зөв, давтагдахуйц, найдвартай үр дүнг баталгаажуулах тогтолцоотой болох юм.

УГТЭ-д хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж:

  • Аудиометр (Audiometer)

  • Сонсголын шинжилгээний бүхээг (Audiology Booth)

  • Гавлын хөндийн даралт хэмжигч /Импеданс метр/ (Impedance Meter)

  • Дагалдах төхөөрөмжүүд: нөүтбүүк, монитор, хэвлэгч

  • Сонсголын төхөөрөмжийн калибровкийн иж бүрдэл (Audiometer Calibration Set)

Сонсголын аудиометр шинжилгээ хийж байна

УГТЭ-д калибрэйшн төхөөрөмж бэлэглэв

Сонсголын төхөөрөмжийн калибровкийн иж бүрдэл 1

Сонсголын төхөөрөмжийн калибровкийн иж бүрдэл 2

УГТЭ Оюунзул эмч

КОЙКА болон Рафаэл Интернэйшнл байгууллага нь төслийн хугацаанд Улаанбаатар төдийгүй орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад сонсголын шинжилгээг стандартын дагуу, нарийвчлалтай, үнэн зөв хийх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үе шаттай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн. Төсөл дууссаны дараа ч УГТЭ нь энэхүү орчин, багаж төхөөрөмжийг ашиглан иргэдийн сонсгол бууралтыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлэх юм.

УГТЭ-ийн сонсголын эмч Д Оюунзул:

“Энэхүү дэмжлэг нь Монгол Улсад сонсголын оношилгооны чанар, стандартын түвшнийг шинэ шатанд гаргана гэж бид үзэж байна. Цаашид УГТЭ нь Монгол иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүртээмжтэй эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.”

“Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ, оношилгооны орчныг сайжруулах төсөл (2023–2025)” нь KOICA-тай хамтран хэрэгжүүлсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл юм.