Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
Одоогийн байдлаар аврах ажиллагаа эхэлснээс хойш 40 гаруй цаг өнгөрөөд байгаа ч осолдсон хүүхдийг гаргаж авч чадаагүй байна.
Аврагчдын хэлж байгаагаар охин 35 метрийн гүнд байгаа бөгөөд хөндлөн чиглэлд есөн метр орчим ухаж охинд хүрэхээр төлөвлөжээ. Гэвч хөрс нь шавар, намаг ихтэйгээс нуралт үүсэх өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул гараар ухаж, аврах ажиллагаа хүндрэлтэй үргэлжилж байгаа талаар газар нь ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллаууд мэдээлж байна.

Заамар сумын "Хайлааст" багийн Эрүүл мэндийн төвийн эмч О.Баасанбалжир “Хүүхдийг амьд эсэхийг үнэлэх 2 шинж буюу зүрхний цохилт болон биеийн хөдөлгөөн өчигдрөөс эхлээд мэдрэгдэхээ байсан. Найдлага маш бага ч бид хүүхдийг ямар ч байдалтай гарч ирсэн хүлээж авахад бэлэн байдлаа хангаад байна” хэмээн мэдээллээ.
Ослын голомтод Онцгой байдлын ерөнхий газар болон Төв аймгийн Онцгой байдлын газрын албаны 48 хүн, 28 автомашин, 20 тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр ажиллагаа явуулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!