Өглөөний зургаан цагийн орчимд, нар барилгуудын ирмэгээр аажуухан мөлхөж эхлэхэд хот яг л нойрноосоо бүрэн сэрээгүй хүүхэд шиг. Замын хөдөлгөөн хараахан дүүрээгүй, уулзварын дохио гэрэл өөртөө л зориулсан мэт анивчиж, шөнийн ээлжийн ажилаасаа буух хүмүүний ядарсан алхам өглөөний ажилчдын түргэн хэмнэлтэй хараахан нийлж амжаагүй байдаг.
Халуун усны уур шилэн цонхыг манантуулж, шинэхэн нунтагласан кофены үр хамар сэтлэм үнэртэхэд сэтгэл цаанаа л баясаж догдолно. Энэ бол сүр дуулиантай үйл явдал биш. Төрийн далбаа мандуулахтай ч адилгүй. Гэвч өдөр бүр, жил бүр, мянга мянган хүний амьдрал ийм жижигхэн мэдрэмжээр эхэлдэг.
Цонхны дэргэд суух залуу бүсгүй компьютерээ асаахаасаа өмнө аягаа хоёр гараараа бүлээцүүлэн атгана. Өчигдөр орой дуусгаж амжаагүй ажлаа бодож эсвэл өнөөдөр хийх ажлын эхлэл байж мэднэ. Эсвэл хэн нэгнийг санаж суугаа ч байж магадгүй.
Бид ихэвчлэн том үйл явдлыг хайдаг. Сонгууль, осол, ялалт, дуулиан шуугиан. Гэтэл амьдралын жинхэнэ эд эс нь сонины эхний нүүрэнд гардаггүй.
Тэрхүү эд эс хүүгээ сургуульд нь хүргэхээр яарч яваа аавын харцанд, өглөө бүр ижил цагт дэлгүүрийнхээ үүдийг шүүрддэг эмэгтэйн хөдөлгөөнд бий. Салхи исгэрч аадар бороо орж байсан ч ажлаа таслаагүй автобусны жолоочийн нам гүм хариуцлагад бий. Түүх гэдэг томоороо улс орнуудын тухай өгүүлдэг бол амьдрал гэдэг жижигхэн хэмжээндээ жирийн хүмүүсийн тухай өгүүлдэг.
Кофе цайны аяга хоосорч эхлэхэд хотын чимээ аажмаар өтгөрнө. Машины хөдөлгөөн урсаж, утас дуугарч, уулзалтууд эхэлнэ. Өдөр өөрийн хурдыг олж буй нь энэ.
Тэр үед өглөөг анзаарах зав дахиж гарахгүй байж мэднэ.Тиймээс өглөөний кофе цайгаа ууж суух хэдхэн минутыг бүү яаруул.
Учир нь хотын намуухан дүр төрх, хүний амьдралын хамгийн чимээ үгүй гоо сайхан хоёр ихэвчлэн сэрүүлэг дуугарснаас хойш, дэлхий бүрэн сэрэхээс өмнөх тэр богинохон завсар л харагддаг юм. Тэр мөчид бид амжилт, өрсөлдөөн, төлөвлөгөө биш, зүгээр л амьдарч байгаагаа мэдэрдэг.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!