Чамд чи байгаа...
Өнөөдрийн нийгэм өнгө өнгийн урсгалд хүмүүсийн амьдрал урьд өмнөхөөсөө илүү хурдацтай, өрсөлдөөнтэй болжээ. Амжилт, бүтэлгүйтэл, баяр баясгалан, зовлон шаналал ээлжилсэн энэ ертөнцөд хүн бүр сэтгэл зүйн дарамттай нүүр тулдаг. Гэвч ямар ч нөхцөлд үргэлж урагш алхах хамгийн хүчтэй зүйл бол өөрийн дотоод итгэл, зөв хандлага юм.
Хүн бүрийн амьдралд сайн сайхан зүйл тохиолддог. Гэвч бид аз жаргалтай мөчүүдийг анзааралгүй өнгөрөөх нь олон. Харин амьдралын жижигхэн ч гэсэн баярт үйл явдлыг анх удаа тохиолдож буй мэтээр нандигнан мэдэрч чадвал амьдрал илүү үнэ цэнтэй санагдана. Аз жаргал гэдэг их мөнгө, өндөр албан тушаал бус, харин тухайн мөчийг мэдэрч чадах сэтгэл юм.
Нөгөө талаар, таагүй зүйлс зөвхөн бидэнд тохиолдож байгаа мэт санагдах үе бий. Ажил бүтэхгүй байх, ойр дотнын хүнээсээ гомдох, төлөвлөсөн зүйл нурж унах зэрэг сорилт хүн бүрийн амьдралд байдаг. Тиймээс бэрхшээлтэй нүүр тулах үедээ “энэ зовлонг ганц би биш, олон хүн даван туулж ирсэн” гэж бодох нь сэтгэлийн дарамтыг хөнгөлдөг.
Заримдаа хүн тэвчээр алдаж, бүх зүйлээс залхах мөчтэй учирдаг. Тэр үед бууж өгөх биш, харин “энэ давааг давчихвал дараагийн сорилтыг ч бас давж чадна” гэж өөртөө хэлэх хэрэгтэй. Тэсвэр хатуужил гэдэг төрөлхийн чанар бус, харин бэрхшээлийг даван туулсан туршлагаас бий болдог хүч юм.
Мөн алдаа гаргах нь амьдралын салшгүй хэсэг. Алдаанаас болж өөрийгөө буруутгаж, өнгөрснийг өөрчилж чадахгүйдээ шаналах нь утгагүй. Харин тухайн алдааг сургамж болгон хүлээн авч, дахин давтахгүй байх нь хүнийг төлөвшүүлдэг бас урагшлуулдаг.
Хамгийн чухал нь зөвийг бодож, зөвийг хийж яваа хүн айдаст автах шаардлагагүй. Үнэн зөв үйлдэл заримдаа шууд үр дүнгээ өгдөггүй ч урт хугацаандаа үнэ цэнээ харуулдаг. Амьдралын зам шулуун дардан байдаггүй. Гэхдээ аз жаргалаа нандигнаж, бэрхшээлээ ухаалгаар хүлээн авч, алдаанаасаа суралцан, зөв үйлдлийн төлөө тууштай байж чадвал ямар ч хүн амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй ялалтыг байгуулж чадна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!