58.1 сая малтай Монгол Улсад иргэдийн хүнсний гол хэрэглээ болсон махны үнэ энэ хавар урьд өмнөхөөсөө илүү өсч, зарим худалдааны төвд нэг килограмм нь 40 мянган төгрөгийг давлаа. ҮСХ-ны хүнсний хэрэглээний судалгаагаар монгол хүний жилийн мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээ ойролцоогоор 69.4 кг гэж тооцогдож байсан. Энэ нь өдөрт дунджаар 190 грамм орчим мах хэрэглэдэг гэсэн үг юм. Харин хэдхэн долоо хоногийн өмнө салбарын сайд зургадугаар сарын 15-наас махны үнэ буурна гэж олон нийтэд амлаж байсан. Гэвч амлалт бодит байдал дээр хэрэгжсэнгүй.
Гол нэрийн барааны үнэ, үхрийн мах ястай, кг 33,883 ₮
Эх сурвалж: ҮСХ
2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 27763 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 33883 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 33883 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.0 хувиар өсөж 38210 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Асуудал зөвхөн махны үнийн өсөлтөөр хязгаарлагдахгүй. Үнэ яагаад буурахгүй байна вэ, төр засаг нөхцөл байдлыг урьдчилан харж чадсан уу, эсвэл дахин нэг удаа хариуцлагагүй шийдвэрийн үр дагаврыг иргэд халаасаараа үүрч байна уу гэсэн асуулт гарч ирж байна.
“Экспортод мах ихээр гаргасантай холбоотойгоор дотоодын махны нийлүүлэлт буурсан гэсэн бас нэг шалтгааныг иргэд ярьж байгаа юм. “Махны холбоо”-ны менежер И.Баттогтох:“Махны үнийн өсөлт экспортоос шалтгаалаагүй. Экспортын тоон мэдээллээр 2024 онд 70.4 мянган тонн мах хилээр гарсан бол 2025 онд 90.4 мянган тонн болж бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ үхэр, хонины нэг кг ч мах хилээр гаргаагүй харин дан адуу болон, ямааны мах гарсан. Дотоодод нийлүүлэх махны нөөц 498.5 мянган тонн байгаа.Энэ жил нийт өрхийн 60 орчим хувь нь идэш бэлтгэсэн. 2-3 хоногийн өмнө “Хүчит шонхор” захад бөөний үхрийн махны үнэ 17 мянга, хонины мах 16 мянган төгрөгт хэлбэлзэж байна. Жил бүрийн Цагаан сарын баярын өмнө, өдийд махны үнэ угаасаа нэмэгддэг.” гэж 2026 оны нэгдүгээр сард хариу тайлбар өгч байжээ.
- 2022 онд өрхийн сарын дундаж орлого 1.8 сая төгрөг, 2024 оны эхний улиралд 2.3 сая төгрөг болж, 2024 оны 3-р улиралд 2.6 сая төгрөг хүрсэн байна.
- Хонины ястай нэг кг махны үнэ 6,680 төгрөгөөс 2022 оны 3-р сард 12,585 төгрөг болж, 2024 онд 13,500 орчим төгрөгт хүрсэн байна.
Индексийн графикаас харахад орлого 2018-2024 онд *+173%* өссөн бол махны үнэ *+102%* өссөн байна. Өөрөөр хэлбэл, орлогын өсөлт махны үнийн өсөлтийг давж гарсан 2021-2022 онд махны үнэ эрс өсч, орлоготой ойртсон хугацаа ажиглагдаж байна.
Үндэсний статистикийн хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын мэдээгээр нэг өрхийн сарын дундаж орлого 3.0 сая төгрөгт хүрчээ. Гэвч зах зээл дээр үхрийн ястай махны үнэ 33,883 төгрөг байгаа нөхцөлд өрх орлогынхоо 15 хувийг маханд зарцууллаа гэж тооцоход сардаа дунджаар 13 килограмм үхрийн мах худалдан авах боломжтой байна. Энэ нь дөрвөн ам бүлтэй өрхийн суурь хэрэглээ болох 16–20 килограммын доогуур үзүүлэлт бөгөөд махны хэрэглээ бодит орлогын хязгаарт шахагдаж байгааг харуулж байна.
Өөрөөр хэлбэл, дундаж өрх орлогынхоо тавны нэгээс илүү хувийг зөвхөн маханд зарцуулах тооцоо гарчээ. Үлдсэн орлогоороо орон сууц, дулаан, цахилгаан, тээвэр, боловсрол болон бусад хүнсний хэрэгцээгээ хангах шаардлагатай тул махны үнэ өрхийн амьжиргаанд шууд нөлөөлж буй гол үзүүлэлтүүдийн нэг болж байна.
Монгол улсад бусдад нэг том давуу тал бий. Ямар ч асуудал гарсан буруутан олддоггүй. Харин тайлбар шалтаг хангалттай олдоно. Махны үнэ өсөв үү, хотын дарга буруутай, малчид эсвэл дамлан зарагч бүр цаашлавал шүлхий буруутай. Шүлхий гарсан уу, вакцин олдоогүй. Вакцин яагаад байгаагүй вэ, дэлхий даяар хомсдолтой гэх мэтчилэн. Тэгээд хэн хариуцлага хүлээх вэ гэхээр бүгд мөрөө хавчаад өнгөрнө. Ингээд асуудал өөрөө бий болоод, өөрөө алга болчихдог мэт дүр зураг жил бүр давтагдсаар...
Өнөөдөр зах дээр махны үнэ иргэдийн халаасыг шалгасаар л байна. Гэтэл төрийн байгууллагуудын хувьд энэ бол ердөө ээлжит хэвлэлийн бага хурлын сэдэв төдий өнгөрсөөр байна. Нөхцөл байдал хүндэрсний дараа тайлбар өгөхөөс биш, яагаад ийм байдалд хүрсэн талаар хариуцлага ярих хүн бараг байдаггүй. Авах арга хэмжээ шийдэл тодорхой бус аа харин тайлбарлах тайлбар нь чухал. Хоол нь биш идэх сэрээ нь чухал гэдэгтэй агаар нэг.
Өрхийн орлого 2025 оны эцэст улсын хэмжээнд таван хувь нэмэгдсэн дүн гарсан ч энэ нь хот хөдөөд ялгаатай байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотод амьдарч буй өрхийн орлого 2.2 хувь өссөн бол орон нутгийн өрхийн орлого 10.5 хувь нэмэгдсэн гэв. Үүнд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, мах, ноос ноолуурын үнийн өсөлт, орон нутагт ажиллаж буй албан хаагчдын цалингийн нэмэгдэл зэрэг нь нөлөөлжээ.
2025 оны эцэст инфляц улсын хэмжээнд 7.5 хувьтай байв. Харин өрхийн орлогын өсөлт улсын хүн амын тал нь амьдарч буй нийслэл хотод 2.2 хувь гарсан нь орлогын өсөлт инфляцыг гүйцэж чадахгүй байгааг харуулж байна.
Мөн энэ оны тавдугаар сарын 04-ний байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдсэн ч өнөөдөр зогсолтгүй өссөөр л байгаа юм.
Эх сурвалж: ҮСХ
Нөгөө талаас махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны асуудал удаа дараа яригдсан. Төсвийн мөнгөөр бүрдүүлсэн нөөцийн мах бодит зах зээлд ямар нөлөө үзүүлэв гэдэг асуултад өнөөдрийг хүртэл тодорхой хариулт алга. Үнэ өссөн хэвээр, иргэдийн худалдан авах чадвар буурсан хэвээр байна.
Төрийн тогтолцоонд алдаа гаргах нь асуудал биш харин алдаагаа хүлээн зөвшөөрөх нь л хамгийн том асуудал байдаг бололтой. Тиймээс иргэд махны үнийг хараад гайхахаасаа өмнө энэ улсын хариуцлагын тогтолцоог хараад уулга алдах нь зөв байх.
Тэгэхээр бид үнэндээ махны үнийн өсөлттэй биш, хариуцлагаас үргэлж хямдхан аргаар мултардаг тогтолцоотой нүүр тулж байгаа хэрэг.
Мах бол монголчуудын өдөр тутмын хэрэглээний үндсэн бүтээгдэхүүн. Гэтэл өнөөдөр олон өрхийн хувьд мах худалдан авах нь улам хүндхэн даваа болж байна. Монголчууд өдөр тутамдаа давааны цаадах даваа гэх зарчимтай л толгой бодол хоёроо сэгсэрч зүтгэнэ. Эрсдэлийн менежмент, вакцины бэлэн байдал, зах зээлийн зохицуулалт, төрийн байгууллагуудын хариуцлагын асуудлыг хамтад нь сөхөж тавих шаардлага бий.
Үнэ өссөн шалтгааныг тайлбарлах хүн олон байна. Харин энэ нөхцөл байдалд хүргэсэн алдаа дутагдалд хэн хариуцлага хүлээх, хэрхэн хурдан бодитой шийдэх вэ гэсэн асуулт одоо ч хариултгүй хэвээр байна.
Гутлаа чирсэн амьдрал руу иргэдээ хөтлөх эдийн засгийн дарамттай нийгэм халаас байтугай хоолой боомилох нь. Туйлын их хөдөлмөрлөж буй залуус нь хагас сая төгрөгөөр 10 кг үхрийн мах худалдан авч буй дүр зурагт тэтгэврээ хүлээж суух хөгшчүүл бүр бараа сураггүй байх нь тодорхой. Нэг сард авах тэтгэврийн доод хэмжээ уут дүүрэхгүй махтай тэнцсэн амьдралдаа тэмцсээр л байх дүр зураг л ажиглагдаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!