Алхаад л бай амжилт өөд, амьдралын саад тотгорт бүдэрч унасан ч өвдгөө гөвөөд алхаад л бай… 
Хүн бүрд ирээдүйдээ хүрэхийг хүссэн оргил, зорилго мөрөөдөл бий. Хэн нэгэн амжилттай ажилтай болохыг, хэн нэгэн хүссэн мэргэжлээрээ ажиллахыг, зарим нь өөрийн гэсэн аз жаргалтай, тайван амьдралыг бүтээх мөрөөдөлтэй. 

Гэвч мөрөөдөл болон бодит амьдралын хооронд үргэлж тодорхой зай оршдог. Тэр зайг зөвхөн хүсэл мөрөөдлөөр биш, хөдөлмөр, тэвчээр, сонголт, шийдвэр тууштай байдал дүүргэдэг. 

Олон хүн сайхан ирээдүйг төсөөлдөг ч түүнд хүрэх замдаа бэрхшээлтэй тулгарах үедээ бууж өгөх нь бий. Учир нь бодит амьдрал мөрөөдсөн шиг үргэлж амар байдаггүй. Гэхдээ саад бэрхшээл бол мөрөөдөл биелэх боломжгүй гэсэн үг биш. Харин зорилгодоо хүрэхийн тулд хүн өөрийгөө хөгжүүлэх, алдаанаасаа суралцах шаардлагатайг харуулдаг.
Өнөөдөр хийж буй жижиг алхам бүр ирээдүйн том үр дүнгийн үндэс суурь болж өгнө. Мөрөөдөл бидэнд хаашаа явахыг заадаг луужин бол бодит амьдрал түүнд хэрхэн хүрэхийг сургадаг. Зөвхөн мөрөөдөх биш, мөрөөдлийнхөө төлөө үйлдэл хийж чадсан хүн л хүссэн амьдралдаа алхам алхмаар дөхнө.