Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн эхэлж, “Лос Анжелес-2028” олимпын наадмын эрхийн оноо олгох албан ёсны тэмцээнүүдийн салхийг хагалж байна.
Зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдэд Степпе Аренад зохион байгуулагдах тус тэмцээнд таван тивийн 58 улсын 454 тамирчин, эрэгтэй болон эмэгтэй нийт 14 жинд өрсөлдөнө. Оролцогчдын дунд олимпын 5 аварга, дэлхийн аваргын 24 медальт тамирчин багтсан бол олимп, дэлхийн медальтай нийт 62 жүдоч дэвжээнд гарахаар бүртгүүлжээ.
Түүнчлэн жин тус бүрийн дэлхийн чансааг тэргүүлж буй 6 тамирчин, дэлхийн чансааны эхний аравт багтаж буй 84 бөх Улаанбаатарын татамид өрсөлдөх юм.
Жүдочдын хувьд олимпын наадамд оролцох эрх авах зам урт бөгөөд өндөр өрсөлдөөнтэй байдаг. Тогтвортой бэлтгэл, олон улсын тэмцээнүүдийн амжилт, чансааны оноо нь олимпын мөрөөдөлд хүрэх гол шалгуур болдог.
Монгол Улс жүдо бөхийн дэлхийн тавцанд байр сууриа улам бэхжүүлж, олон улсын өндөр түвшний тэмцээнийг амжилттай зохион байгуулсаар ирсэн. Улаанбаатар хотод “Их дуулга” ангиллын тэмцээнийг дахин дөрвөн удаа зохион байгуулах эрх авсан нь Монголын жүдо бөхийн нэр хүндийг илтгэх үйл явдал болж байна.
Энэ удаагийн тэмцээнд Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны тэмцээнүүдэд нэг ч ялагдалгүй байгаа Японы жүдоч Харүка Кажү оролцох бол олимпын аварга, дэлхийн 5 удаагийн аварга Абэ Үта, олимп болон дэлхийн хошой аварга Лукаш Крпалек, дэлхийн аваргууд болох Инал Тасоев, Николоз Шеразадишвили, олимп болон дэлхийн аварга Хидаят Хейдаров, Лаша Шавдатуашвили, Зелим Коцоев нарын шилдэг жүдочид хүч сорих юм.
Монголын шигшээ багийн хувьд 2024 оны дэлхийн болон Азийн аварга, “Парис-2024” олимпын мөнгөн медальт Бавуудоржийн Баасанхүү хоёр жилийн завсарлагааны дараа олон улсын тэмцээний дэвжээнд эргэн гарч байна. Мөн 2024 оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Хөх Мими 2026 оны анхны тэмцээндээ оролцохоор иржээ.
Монголын жүдо бөхийн холбоо 2012-2016 онд нийслэл хотноо ГранПри ангиллын тэмцээн зохион байгуулж байсан бол 2022 оноос “бага дэлхийн аварга” хэмээн нэрлэгддэг “Их дуулга” тэмцээнийг эх орондоо хүлээн авч байна.
Өнгөрсөн жилийн Улаанбаатар Их дуулгад Монголын тамирчид 3 алт, 1 мөнгө, 7 хүрэл медаль хүртэж, нийт 11 медальтай өндөр амжилт үзүүлсэн. Харин 2023 онд 2 алт, 4 хүрэл, нийт 6 медаль, 2022 онд 2 алт, 4 мөнгө, 5 хүрэл, нийт 11 медаль хүртэж байв.
Ийнхүү “Лос Анжелес-2028” олимпын замнал Улаанбаатарын татамиас эхэлж байна.











Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!