Шүлхий нь малын гоц халдварт өвчин боловч хүнд шууд халдварлах эрсдэл бага гэж үздэг. Гэсэн хэдий ч шүлхийн эсрэг вакцин хийлгэсэн малын мах, сүүг тодорхой хугацаанд хэрэглэхийг хориглодог талаар мэргэжилтнүүд санууллаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 6-7 аймагт шүлхий өвчин бүртгэгдэж, зарим бүс нутагт хөл хорио тогтоогоод байна. Хэрэв нөхцөл байдал удаан үргэлжилбэл нийслэл болон улсын хэмжээнд халдвар тархах эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Малын халдварт өвчин судлалын багш Н.Батсуурь хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Шүлхийтэй мах идсэнээр хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин шүлхийн вакцин хийлгэснээс хойш 14-21 хоногийн хугацаанд тухайн малын мах, сүүг хэрэглэхийг хориглодог. Хориотой хугацаанд тухайн малын мах, сүүг хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө” гэв.

Иймд салбар яамнаас долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл шүлхийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аймаг, орон нутгаас гаралтай мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байх, мөн иргэдийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Холбогдох байгууллагууд өвчний тархалтыг хязгаарлах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлж байгаа бөгөөд иргэдийг баталгаатай эх үүсвэрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөжээ.