Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хуурч 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг галт зэвсэг ашиглан хууль бусаар агнасан ноцтой хэрэг энэ сарын 18-ны өдөр бүртгэгджээ.
Уг хэргийг Сэлэнгэ аймгийн харьяат иргэн “Ц” үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад багтдаг бөгөөд агнах, тээвэрлэх, худалдахыг хуулиар хатуу хориглосон амьтан юм.
Амьтны тухай хууль болон холбогдох журмын дагуу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах, барих, тэдгээрийн гаралтай түүхий эд, эрхтнийг худалдах, худалдан авах, тээвэрлэх үйлдлийг хориглодог.
Мөн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар ховор амьтныг хууль бусаар агнасан, барьсан, хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн этгээдийг 5,400-27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байдаг.
Хууль хяналтын байгууллагууд иргэдийг байгаль орчин, ан амьтныг хамгаалах хууль тогтоомжийг мөрдөж, ховор болон нэн ховор амьтдын эсрэг хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг анхааруулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!