Боловсролын үнэлгээний газраас Элсэлтийн ерөнхий шалгалтын эхний өдөр авсан түүх, англи хэлний хичээлийн шалгалтын дүнг танилцууллаа.
Түүхийн хичээлийн шалгалтад нийт 1320 шалгуулагч оролцсоноос хоёр сурагч 800 оноо авч, хамгийн өндөр үнэлгээтэй шалгуулагчаар тодорсон байна.
Тодруулбал, Амгалан цогцолбор сургуулийн сурагч О.Маргад 100 онооноос 95 оноо, Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн сурагч Э.Цэлмэг 93 оноо авч, хоёулаа 800 оноогоор үнэлэгджээ.
Харин англи хэлний шалгалтад бүртгүүлсэн 33,201 шалгуулагчаас 31,619 нь шалгалтад хамрагдсан бөгөөд улсын хэмжээнд 36 сурагч хамгийн өндөр буюу 800 оноо авсан байна.
800 оноо авсан шалгуулагчдын байршлыг авч үзвэл Баянзүрх дүүргээс 8, Хан-Уул дүүргээс 6, Баянгол дүүргээс 5, Сүхбаатар дүүргээс 3, Сонгинохайрхан дүүргээс 2, Чингэлтэй дүүргээс 1, өмнөх оны шалгуулагч 3, Орхон аймгаас 3, Завхан, Говьсүмбэр, Хөвсгөл, Дархан-Уул, Төв аймгаас тус бүр нэг шалгуулагч 800 оноо авчээ.
Эдгээрээс 100 онооноос бүтэн 100 оноо авч, төгс 800 оноогоор үнэлэгдсэн гурван сурагч байна. Тэдгээр нь 93 дугаар сургуулийн сурагч Б.Сайнболд, “Улаанбаатар” сургуулийн сурагч Б.Амархүү, НБ-ийн 2 дугаар сургуулийн сурагч Э.Шижир нар юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!