“Зарим хүмүүс яг л амьд эм тариа шиг байдаг. Тэдэнтэй хамт ганцхан цагийг өнгөрүүлэхэд л бүх зүйл дээрдэх шиг санагдна.”
Стресс, дарамт, ганцаардалтай нүүр тулгарч буй цаг хугацаа, асуудал бүхэнд заавал эм, эмчилгээгээр даван туулахгүй. Заримдаа дэргэд чинь сууж, чимээгүйхэн сонсох хэн нэгэн, урам хайрлах ганцхан өгүүлбэр, халуун дулаан тэврэлт л хүний сэтгэлийн хамгийн сайн эм болдог. Гэгээ татуулсан хүмүүсийн дэргэд байхад зовлон хөнгөрч, итгэл сэргэж, маргаашийг илүү өөдрөгөөр харах хүч төрдөг.
Харамсалтай нь бид амьдралынхаа завгүй хэмнэлд дэргэд байгаа бүхнээ анзаарахаа больж, тэдний үнэ цэнийг хожуу ойлгох нь бий. Харин тэднийг хайрлаж, талархлаа илэрхийлж, өөрсдөө ч бусдын хувьд түшиг тулгуур болохыг хичээх нь нийгэмд, амьдралын мөн чанарт хамгийн хэрэгтэй хөрөнгө оруулалт юм.
Хүн хүнийхээ сэтгэлийг эдгээж чаддаг. Тиймээс бид зөвхөн өөртөө “амьд эм” болох хүмүүсийг хайхаас илүүтэй, бусдын амьдралд итгэл найдвар, инээмсэглэл авчирдаг нэгэн байхыг зорих хэрэгтэй мэт. Магадгүй таны хэлсэн ганцхан сайхан үг, гаргасан жижигхэн тус хүний амьдралыг өөрчлөх эхлэл байж болох юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!