Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Т.Тунгалаг өнөөдөр хууль бус малын эмийн худалдаа болон түүнтэй холбоотой хяналт шалгалтын дүнгийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, малчид, иргэдэд зөвлөмж хүргэлээ.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газар хууль хяналтын байгууллага, Нийслэлийн Мал эмнэлгийн газартай хамтран 2026 оны тавдугаар сарын 25-наас нэг сарын хугацаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулсан байна.

Шалгалтад 24 аж ахуйн нэгж, таван иргэн, мөн цахимаар малын эм сурталчилж, худалдаалж байсан 10 гаруй цахим хаягийг хамруулжээ. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн 43.4 хувь нь хууль, стандартын шаардлага хангаагүй нь тогтоогдсон байна.

Хяналт шалгалтын явцад импортлох тусгай зөвшөөрөлгүй, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй, хадгалалт болон шошгын зөрчилтэй, хугацаа нь дууссан малын эм, биобэлдмэл, тэжээлийн нэмэлт худалдаалсан зэрэг ноцтой зөрчил илэрчээ.

Үүний хүрээнд нийт 187 нэр төрлийн 12,545 ширхэг, 1,159 кг хэмжээтэй, 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эм болон тэжээлийн нэмэлтийг хураан авч, зургаан аж ахуйн нэгж, гурван иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж.

Мөн хууль бусаар малын эм импортлон худалдаалсан этгээдийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар цуцалсныг мэдээллээ.

Иргэдэд өгч буй зөвлөмж

Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, мал бүхий иргэд болон хуулийн этгээдүүдэд дараах зөвлөмжийг хүргэв. Үүнд:

  • Тусгай зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй малын эм, биобэлдмэл худалдан авахгүй байх.

  • Фэйсбүүк зэрэг цахим орчинд “маш өндөр үр дүнтэй”, “гаж нөлөөгүй”, “патентлагдсан”, “цорын ганц” гэх мэт төөрөгдүүлсэн сурталчилгаатай бүтээгдэхүүнийг хувь хүнээс худалдан авахгүй байх.

  • Малын эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй, хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг нягтлах.

  • Өндөр үнэтэй эм, тарилга худалдан авахдаа чанарын баталгаа, гарал үүсэл, улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг шалгах.

  • Албан ёсны тусгай зөвшөөрөлтэй импортлогчоор дамжин нийлүүлэгдсэн бүтээгдэхүүн эсэхийг магадлах.

  • Малын эм, биобэлдмэлийн хүчинтэй хугацаа, сав баглаа боодол, шошго, тэмдэглэгээ нь хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлах.

  • Малын эмчийн зөвлөгөө болон үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэж, хадгалалт, тээвэрлэлтийн горимыг хангасан бүтээгдэхүүн сонгохыг зөвлөжээ.