Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дуудлага болон гэрийн эргэлтийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор 13 автомашин хүлээлгэн өглөө.

Автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр оролцож, анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү хөрөнгө оруулалт нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн шуурхай байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

Шинээр нийлүүлсэн автомашинууд ашиглалтад орсноор өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дуудлагын үйлчилгээ, гэрийн эргэлтийн бэлэн байдал сайжирч, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон гэрийн нөхцөлд эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх боломж бүрдэх юм.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүний хувьд 2026 оны улсын төсөвт өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дуудлага үйлчилгээг сайжруулах зорилгоор 500 сая төгрөгийн санхүүжилт тусгах санал гаргаж, шийдвэрлүүлсний үр дүнд дээрх 13 автомашиныг нийлүүлжээ.