Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хороо өнөөдөр буюу долоодугаар сарын 6-ны 10:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд хуралдана. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг хэвлэлийн бага хурлаар олон нийтэд танилцуулах юм.

Мөн өнөөдрөөс Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл эхэлж байна. Энэ жилийн наадамд 1024 бөх барилдуулахаар төлөвлөсөн бөгөөд бүртгэлийг долоодугаар сарын 6-8-ны өдрүүдэд өдөр бүр 10:00-19:00 цагийн хооронд зохион байгуулна.

Бүртгүүлэх бөхчүүд иргэний үнэмлэх, цолны үнэмлэх болон шаардлагатай бусад бичиг баримтаа бүрдүүлэн ирэх шаардлагатай. Харин өсвөрийн бөхчүүдийн бүртгэл долоодугаар сарын 7, 8-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд явагдана.

Энэ жилийн 1024 бөхийн барилдаан гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд долоодугаар сарын 10-нд эхэлж, 12-ны өдөр түрүү, үзүүр бөх тодрох хуваарьтай байна.