Өглөө бүр шинэ боломжийн үүдийг нээдэг. Харин тэр боломжийг хэрхэн угтахыг бидний мэдлэгээс гадна сэтгэлийн төлөв тодорхойлдог.
Хүн төрөлхтний хөгжил зөвхөн дэвшилтэт технологи, өндөр барилга, эдийн засгийн өсөлтөөр хэмжигдэхгүй. Иргэдийн харилцааны соёл, бие биеэ ойлгох хандлага, аливааг ухаалгаар шийдвэрлэх чадвар нь жинхэнэ хөгжлийн хэмжүүр болдог.
Уужуу байна гэдэг нь идэвхгүй, үг дуугүй байх гэсэн үг биш. Харин сэтгэл хөдлөлөө захирч, нөхцөл байдлыг ухаалгаар дүгнэж, бусдын байр суурийг хүндэтгэн шийдвэр гаргах дотоод мөн чанар юм. Яарсан шийдвэр харамслыг үлдээдэг бол нухацтай бодсон алхам ирээдүйг хөнгөвчилнө. Өнөөдрийн нийгэм цахим орчны мэдээллийн урсгалд хэт автаж, бухимдал, үл ойлголцол маш хурдтай газар авдаг болсон. Ийм үед уужуу сэтгэл, ухаалаг үйлдэл, тайван хандлага олон маргааныг намжааж, эв нэгдлийн эхлэл болж чадна.
Хүчирхэг нийгэм зөвхөн чанга дуугаар бус, соёлтой харилцаа, харилцан хүндлэл дээр тогтдог. Өглөөний наран алгуурхан мандаж, хорвоог гэрлээрээ тэтгэдэг шиг уужуу тайван сэтгэл ч хүний амьдрал, нийгмийн уур амьсгалд үл анзаарагдам атлаа хүчирхэг нөлөө үзүүлдэг. Хүн бүр өөрөөсөө эхэлж тэвчээр, хүндлэл, энэрлийг эрхэмлэвэл өнөөдрийн жижиг өөрчлөлт маргаашийн том хөгжил болон үр жимсээ өгнө.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!