Өчигдөр орсон дуу цахилгаантай аадар борооны улмаас нийслэлийн зарим хэсэгт ус ихээр хуримтлагдаж, үерийн хамгаалалтын байгууламжид хүндрэл үүсжээ.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан мэдээлэхдээ, Бөмбөгөрийн үерийн хамгаалалтын далан хальсан хэсэгт өглөөний 06:00 цагаас эхлэн шуурхай ажиллаж, нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг, гурван том оврын техник хэрэгслээр нөхцөл байдлыг тогтворжуулсан байна. Тус баг 40 тонн элсийг шуудайлж, далангийн хальсан хэсэгт хаалт хийж, усны урсгалыг тогтоон барьжээ.

Одоогоор хоёр усны машин, ТҮК болон холбогдох байгууллагын ажилтнууд үерийн дараах ариутгал, цэвэрлэгээний ажлыг хийж байна.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулж, шаардлагатай бүх техник хэрэгслийг дайчлан ажиллах, хуримтлагдсан усыг шуурхай соруулж, ариутгал цэвэрлэгээг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн байна.

Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр, өнөөдөр өглөөний 06:50 цагийн байдлаар нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай болон барилгын зоорийн давхар руу ус орсон талаар нийт 13 удаагийн дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид тухайн байршлуудад очиж, нөхцөл байдлыг шалган, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.