Жил бүрийн долоодугаар сар монгол түмний хувьд зөвхөн баяр наадмын улирал биш. Энэ бол төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний өв соёлоо эргэн санаж, ирээдүй үедээ уламжлуулах үнэ цэнтэй цаг хугацаа юм. Хүчит бөхийн дэвэлт, хурдан морины төвөргөөн, сурын харвааны уухай, уртын дууны уянга зэрэг нь наадмын өнгийг тодорхойлох ч түүний жинхэнэ утга учир эдгээрээс хавьгүй өргөн хүрээг хамардаг.

Наадам өнгөрсөн түүхээ хүндэтгэхийн зэрэгцээ өнөөдрийн нийгэмд эв нэгдлийн үнэ цэнийг сануулдаг баяр. Улс төрийн байр суурь, үзэл бодлын ялгаа байж болох ч үндэсний баяр наадмын өдрүүдэд монголчууд нэгэн төрийн дор нэгдэж, нэгэн түүхээрээ бахархдаг уламжлалтай. Энэ нь үндэсний эв нэгдлийг хадгалах чухал хүчин зүйл болсоор иржээ.

Энэ жилийн наадам Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойтой давхцаж байна. Эдгээр ой нь Монголын түүхийн өөр өөр цаг үеийг төлөөлөх ч нэгэн нийтлэг үнэт зүйлтэй. Тэр нь тусгаар тогтнол, төрт ёс, монгол төрийн залгамж чанар юм.

Үндэсний их баяр наадмыг зарлахдаа Тулгар төр, Их Монгол Улс, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойг хамтатган дурддаг нь учиртай. Энэ нь Монголын төрт ёс тасралтгүй үргэлжилж ирсний бэлгэдэл бөгөөд улс орны хөгжлийн түүхэн үе шат бүрийг хүндэтгэж буй хэрэг юм. Наадам бол өнгөрсөн түүхээ дурсах төдий бус, төр улсаа эрхэмлэх үзлийг шинэ үеийнхэнд төлөвшүүлэх олон нийтийн томоохон боловсролын талбар билээ.

Монголчууд эрийн гурван наадмыг эртнээс төрт ёсны баяр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Судлаачдын үздэгээр Хүннүгийн үеэс хүч чадал, морин цэргийн бэлтгэл, нум сумны ур чадварыг сорих ёслолын шинжтэй арга хэмжээ зохион байгуулагдаж байсан бол Их Монгол Улсын үед төрийн ёслолтой улам нягт холбогджээ. Иймээс наадам нь дан ганц ардын баяр биш, төрийн дархлаа, улс үндэстний эв нэгдлийг илэрхийлдэг институц болсон гэж хэлж болно.

Орчин цагт ч наадмын ач холбогдол өөрчлөгдөөгүй. Харин ч дэлхий даяар соёлын өв, үндэсний онцлогоо хамгаалах асуудал чухал болсон энэ үед Монголын наадам олон улсын хэмжээнд үнэлэгдэж байна. 2010 онд “Монгол үндэстний баяр – Наадам” ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн нь зөвхөн нэг баярыг бус, монголчуудын амьдралын хэв маяг, үнэт зүйл, соёлын уламжлалыг дэлхий нийт хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсон.

Даяаршлын эрин үед жижиг хүн амтай улсын хувьд хэл, соёл, түүх, уламжлалаа хадгалан хамгаалах нь үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг болсон. Энэ утгаараа Үндэсний их баяр наадам нь зөвхөн соёлын арга хэмжээ бус, үндэсний үнэт зүйлсийг бататгах, иргэдийн эх оронч үзлийг төлөвшүүлэх нийгмийн чухал институт хэвээр байна.

Наадмын талбайд эгшиглэх уртын дуу, салхинд намирах төрийн далбаа, есөн хөлт цагаан туг, дэвэх бөхчүүд, хурдах хүлгүүд бүгд нэгэн санааг өгүүлдэг. Монгол төр оршин тогтнож, монгол үндэстэн өв соёлоо үеэс үед өвлүүлэн хамгаалж ирсний илэрхийлэл нь Үндэсний их баяр наадам юм. Иймээс наадмыг зөвхөн баяр цэнгэлээр хэмжих бус, үндэстний ой санамж, төрт ёсны дархлаа, тусгаар тогтнолын үнэ цэнийг сануулдаг түүхэн үйл явдал хэмээн ойлгох нь зүйтэй.