Цонхоор тусах өглөөний наран арай л налуу, агаар бүлээн атлаа цаанаа л нэг сэрүүн саруул. Зунжингаа эзгүйрсэн сургуулийн хашаа, хоосон байсан их дээд сургуулийн коридор нэг л өглөө залуу насны цоглог дуу хоолой, инээд хөөрөөр бялхаж дүүрнэ. Есдүгээр сарын нэгэн бол зүгээр нэг хуанлийн өдөр биш. Энэ бол хэн нэгний хувьд насан туршдаа дурсах оюутан цагийн анхны алхам, өөр нэгний хувьд эх орныхоо хилийг алхан алсын орныг зорих мөрөөдлийн эхлэл юм.
Анги танхимд шинээр цугласан залуусын нүдэнд догдлол, айдас, итгэл гурав зэрэгцэн сүлжилдэнэ. “Энэ миний дараагийн дөрвөн жил амьдрах орчин уу”, “Шинэ найзуудтайгаа учраа олох болов уу” гэсэн бодол бүхний цаана өөрийн гэсэн ирээдүйг өөрөө бүтээх халуун эрмэлзэл лугшин байна.
Цүнхэндээ хүндхэн ном, шинэ дэвтэр, үзэг харандаагаа хийж, сэтгэлдээ аав ээжийнхээ “Миний хүү, охин сайн сураарай” гэсэн хэдхэн үгийг тээсэн залуусыг харахад намар гэдэг улирал хамгийн амьд, хамгийн их найдвар тээсэн улирал шиг санагдана.
Учир нь намар зөвхөн навчсаа гөвдөггүй.
Гэрээсээ анх удаа холдож, өөрийн гэсэн орон зайг бий болгож буй залуу нас эндээс л хатуужиж, эндээс л ургадаг. Гудамжаар зөрөх хүмүүсийн алхаа хурдан, хотын хэмнэл сэргэж, намрын сэрүүн салхинд цаас, нахиа хоёр цугтаа хийсэх мэт шинэ бүхэн эхэлж байна.
Нэг л мэдэхэд бид өөрсдийн амьдралын шинэ хуудсыг нээж, дараагийн нэгэн бүлгийг бичиж эхэлжээ. Намар танд, бидэнд, шинээр амьдралд хөл тавьж буй залуус бүхэнд шинэ боломжийг авчирдаг.
Харин хөдөө үлдсэн аав, ээжийн сэтгэлд өөр нэгэн намар эхэлнэ. Цүнхэнд нь гар цагаан идээ, ааруул хурууд, ээжийн бэлтгэсэн идээний дээж, аавын хэлсэн захиас багтана. “Миний хүү сайн сураарай” гэх хэдхэн үгэнд эцэг эхийнх нь олон жилийн хөдөлмөр, итгэл найдвар, хайр, амьдралынхаа хамгийн нандин бүхнийг үр хүүхдэдээ зориулсан сэтгэл шингэсэн байдаг. Анх удаа гэрийнхээ дулаан хаалгыг ардаа хааж, өөрийнхөө хоолыг өөрөө хийж, хувцсаа өөрөө угааж, сарын эцэст дансаа шалган, амьдралын жижиг том шийдвэр бүрийнхээ хариуцлагыг өөрөө үүрч эхлэх тэр үе бол залуу насны хамгийн чухал хичээлүүдийн нэг.
Сурах бичигт байдаггүй ч амьдрал өөрөө заадаг тэр л хичээл хүнийг бага багаар бие хүн болгож, мөрөөдөлдөө хүрэх замыг нь засдаг. Зарим нь энэ хотод анхны мөрөөдлийнхөө үрийг тарьж, зарим нь төрсөн нутгийнхаа уулс, тал нутгийг ардаа үлдээн алсын орныг зорьно. Хаашаа ч явсан тэдний зам өөр өөр боловч зүрхэндээ тээсэн хүсэл нь нэг, "илүү ихийг сурч, илүү сайхан ирээдүйг бүтээх".
Шинэ дэвтэрийн цэвэрхэн хуудас шиг шинэ амьдралын эхлэл тавигдлаа. Намар зөвхөн навчис шарлах улирал биш ээ. Мөрөөдөл цэцэглэдэг улирал. Ирээдүй рүү нүүдэл эхэлдэг улирал. Есдүгээр сарын нэгний хонхны дуу бүхэн залуу насны дийлдэшгүй хүсэл мөрөөдөлд зам заасан "залуурга", алхам бүр нь гэрэлт ирээдүй рүү хөтөлсөн "их нүүдлийн эхлэл" байг.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!