АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням БНХАУ-д ажиллах үеэрээ Монгол Улсын шатахууны хангамжийг тогтворжуулах, БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх асуудлаар тохиролцсон. Энэ талаар АҮЭБ-ийн сайд дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр, ОХУ одоогоор зөвхөн Монгол Улс руу шатахуун экспортолж бусад улс руу экспортлохгүй байна. Өнгөрсөн долоо болон наймдугаар сараас эхлээд манай улсын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа. Тиймээс дутагдаж байгаа хэсгийг БНХАУ, БНСУ-аас авч байна. 

БНХАУ дотооддоо шатахууны хязгаарлалттай, экспортлохыг хориглодог. Харин саяхан БНХАУ-ын талаас Монгол Улсад шатахууныг тогтмол нийлүүлэх санал анх удаа тавьсан. Мөн үнийн томьёоллыг тохирох асуудлаар санал нэгдсэн.

Өмнө нь үнийн асуудал дээр тохиролцож чаддаггүй байсан. Харин одоо зах зээлийн зарчмаар үнээ тогтоохоор ярилцсан. Манай талд тавьж байгаа үндсэн шаардлага нь захиалгаа нэгтгэж өгөх, мөн тогтмол худалдан авах явдал. Өөрөөр хэлбэл, “хэрэгцээ гарсан үедээ яаралтай ирж авах биш, тогтмол захиалж бай” гэсэн шаардлага тавьсан.

Бид жилдээ 3 сая тонн орчим шатахуун хэрэглэдэг. Үүний 1 сая тонныг БНХАУ-аас авахаар ажиллаж байна.

Урд хил дээр байгаа дамжуулан ачих байгууламжийн хүчин чадлыг Монгол Улсын нийт хэрэглээний 60 орчим хувийг хангах хэмжээнд хүргэсэн. Мөн хувийн хэвшлийн хоёр компани дамжуулан ачих байгууламж шинээр барьж, ашиглалтад оруулаад байна.

Хэн нэгэн хүн Засгийн газар огцроод шатахууны хангамж хэвийн болчихдог бол огцроход ямар ч асуудал байхгүй.

Энэ оны төгсгөл гэхэд шатахуун хадгалах хүчин чадлаа 14 хоногоор нэмэгдүүлнэ. Ирэх оны өдийд гэхэд хоёр сарын шатахууны нөөц хадгалдаг хэмжээнд хүрнэ.

Дэлхийн зах зээлийн үнийг баримтлахаас өөр аргагүй. Евро-2 стандартын шатахууныг одоогоор ОХУ л үйлдвэрлэж байна. ОХУ өөрөө Евро-5 стандарт руу шилжсэн. Манай улс хямд шатахуун авах хүсэлт тавьдаг учраас зөвхөн Монгол Улс болон Киргиз Улсад зориулж Ангарскийн үйлдвэртээ нэг шугам ажиллуулдаг.

Харин БНХАУ Евро-5 стандартын шатахуун хэрэглэж байгаа бөгөөд одоо Евро-6 стандарт руу шилжиж байна. Тиймээс Монгол Улс ч мөн Евро-5 стандарт руу шилжихээс өөр аргагүй нөхцөлд орж байна.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 107 ам.долларт хүрээд байна. Үнэ улам өсөж байна. 3.7 литр орчим бензин найман ам.доллар болж байна.

Манай улс шатахууны хангамжийг таслахгүй байхыг хичээж байна. Одоогоор хангалттай нөөц бүрдүүлж хараахан чадаагүй. Оруулж ирж байгаа шатахууныг бүгдийг нь түгээж байна. Үнэндээ шатахуунаа олж ирж, тасалдуулахгүй нийлүүлж чадаж байгаа нь өөрөө амжилт.