Монгол Улсын 15 аймагт цахилгаан түгээх 69 шугамын 26 мянга гаруй шонгийн оройг тусгаарлан, шувуудад аюулгүй хөндлөвч бүрээс хийжээ.
Энэхүү ажлын үр дүнтэй БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр “Монголын шувуу хамгаалах төв”-ийн захирал П.Ганхуяг, төслийн менежер П.Амартүвшинтэй уулзах үеэрээ танилцсан байна.
2023 онд шувууны чиглэлээр хийсэн судалгаагаар цахилгаан түгээх шугамын шонг бүрэн хамгаалснаар махчин шувууд цахилгаанд цохиулж хорогдох тохиолдол 95 хувиар буурсан байна. Энэ нь судалгаа, мэдээлэлд тулгуурласан энгийн шийдлээр олон мянган шувууг хамгаалах боломжтойг харуулж байгаа юм.
Цаашид бусад цахилгаан түгээх шугам, шонд хамгаалалт хийхийн зэрэгцээ шинээр барих шугам сүлжээг анхнаас нь шувуудад аюулгүй байдлаар төлөвлөх шаардлагатайг уулзалтын үеэр онцолжээ. Үүнд эрчим хүчний салбар болон хувийн хэвшлийн оролцоо чухал болохыг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр тодотгосон байна.
Мөн уулзалтын үеэр махчин шувуудын үржил, нүүдэл шилжилт, идэш тэжээл болон экосистемд гүйцэтгэх үүргийг судалж буй талаар талууд харилцан санал солилцжээ.
Цахилгаан дамжуулах, түгээх шугамын хамгаалалтыг сайжруулах нь махчин шувуудын хорогдлыг бууруулахаас гадна биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!