Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Солонго 1”, “Солонго 2”, “Ногоон нуур” орон сууцны хорооллын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Солонго 1”, “Солонго 2” хорооллын төслийг энэ сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох тогтоолыг гаргуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг хэлэв.

Төслийн хүрээнд иргэдийг орон сууцанд хамруулах цахим сонгон шалгаруулалтыг аравдугаар сарын 10-наас эхлэн 14 хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөжээ. Улмаар арваннэгдүгээр сарын 1-нээс айлууд орон сууцандаа нүүн орох боломжтой болно гэв.

“Солонго 1”, “Солонго 2” хорооллын орон сууцны нэг метр квадрат талбайн үнэ 4 сая 428 мянган төгрөгөөр тооцогдож байгаа аж. Уг төсөл 2022 оноос эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар төслийн үнэлгээ ийм хэмжээнд хүрсэн байна.

Орон сууцанд хамруулах зорилтот есөн бүлгийг тодорхойлсон бөгөөд эдгээр иргэдэд тавигдах урьдчилгаа төлбөрийн хэмжээг 30 хувиас 15 хувь болгон бууруулжээ. Мөн ипотекийн зээлд хамруулах боломжийг бүрдүүлсэн байна.

“Ногоон нуур”-ын 756 айлыг газраа чөлөөлсөн иргэдэд олгоно

“Ногоон нуур” хорооллын хүрээнд нийт 1008 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд үүнээс 756 айлын орон сууцыг газраа сольсон иргэдэд олгохоор төлөвлөжээ. Харин үлдсэн 252 айлын орон сууцыг түрээсийн зориулалтаар ашиглах аж.

Энэ төслийн хүрээнд Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон газрын албаныхантай өнгөрсөн зургаадугаар сараас хойш хамтран ажиллаж байгаа талаар сайд мэдээлэв.

Газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцжуулсны дараа дараагийн төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нийт 8000 айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд дээрх дөрвөн дүүргийн найман байршилд судалгаа, үнэлгээ хийж байгаагаас таван байршлын үнэлгээ бараг дууссан байна.

“Ногоон нуур” хорооллын 1008 айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулж, иргэдийг орон сууцанд нь оруулахаар төлөвлөж байгааг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан онцоллоо.