Эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг олон нийтэд таниулах, иргэдийг даатгалын тусламж, үйлчилгээний талаар зөв мэдээллээр хангах зорилгоор ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн албан хаагчид өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийн шинээр элссэн оюутнуудад зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг 2026”-д оролцлоо. Өдөрлөгийн үеэр оюутан, залуус эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдсэн юм. Тухайлбал:
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ шалгах;
Насанд хүрсэн оюутнууд даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийн талаар зөвлөгөө авах;
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр ямар тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээг даатгалаар хөнгөлөлттэй авах боломжтой талаар мэдээлэл авах;
Эрүүл мэндийн даатгалын эрх, үүрэг болон бусад ач холбогдлын талаар зөвлөгөө, мэдээлэл авах зэрэг үйлчилгээг үзүүлэн ажиллав.
Залуучууд, тэр дундаа их, дээд сургуулийн оюутнууд эрүүл мэндийн даатгалдаа хамрагдаж, шимтгэлээ тогтмол төлөх нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах үедээ санхүүгийн эрсдэлээ бууруулах, шаардлагатай тусламж, үйлчилгээг даатгалын хүрээнд авах чухал ач холбогдолтой юм.
ЭМДЕГ-аас оюутан, залуусын эрүүл мэндийн даатгалын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, даатгалын үр өгөөжийг таниулах чиглэлээр их, дээд сургууль, коллеж болон бусад боловсролын байгууллагуудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй байна. Тухайн байгууллагууд хүсэлт гаргаснаар оюутан, суралцагчдадаа эрүүл мэндийн даатгалын талаарх зөвлөгөө, мэдээлэл, сургалт авах, өдөрлөг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр хамтран хэрэгжүүлэх боломжтой юм. 








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!