Монголын Үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Шүүхийн хаалга татах дээрээ хүртэл хурцдаад байсан тэдний асуудал шийдэгджээ. Өчигдөр МҮБХ-ны тэргүүн гэх "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд хадаг барьж, холбооныхоо тамгыг гардуулан өглөө.  Ингэснээр хоёр холбоо нэгдэж, Л.Чинбатынх, Б.Бат-Эрдэнийх гэх талцал үгүй болж байгаа юм. 


Л.Чинбат тамга тэмдэгээ гардуулан өгөхдөө “Үндэсний бөхийн цаашдын хөгжил, дэвшил, ирээдүйг Үндэсний бөхийн ноён оргил Б.Бат-Эрдэнэ аварга маань амжилттай авч явна гэдэгт найдаж, тамга гэрчилгээгээ гардуулж өгч байна” гэсэн бол  Б.Бат-Эрдэнэ “Л.Чинбаттайгаа уулзаж, ярилцаад 7,8 сарын турш элдэв маргаан, үл ойлголцолыг эцэс болгохын төлөө хамтарч ажиллаж байна. Уг нь бид нэгдсэн хурал хийе гэсэн зарчимтай байсан ч янз бүрийн шалтгаанаар наадмын өмнө хурлаа хийж чадсангүй. Гэхдээ бидний зорьсон зорилт хэвээрээ байгаа” гэжээ.