Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл өмнө нь УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрнямын Хонгконгод байгуулсан “Class Trading Limited” компаниас олон сая ам.доллар Монголд орж ирээд хэрхэн хуваагдсан талаарх мэдээллийг хүргэсэн. Энэ компаниас 2013 оны аравдугаар сарын 2-ноос 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улс руу 7 545 900 /Долоон сая таван зуун дөчин таван мянга есөн зуу/ ам.долларыг шилжүүлэн ирүүлсэн байдаг юм.

 

Эндээс Д.Жигжиднямаа руу 200 500 /Хоёр зуун мянга таван зуу/ ам.доллар шилжсэн байдаг. Бас нэг анхаарал татсан зүйл байдаг нь дээрх мөнгөний хамгийн их болох 5 740 265 /Таван сая долоон зуун дөчин мянга хоёр зуун жаран тав/ ам.долларыг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, түүний дүү Ц.Жүгдэрням хоёрын “Фрейт Коммодити Консалтантс” ХХК шилжүүлэн авсан байна.

 

Д.Жигжиднямаа нь 2016 оны аравдугаар сард УБТЗ-ын даргаар томилогдсон бөгөөд энэ албан тушаалд очсоноос нь хойш дээрх явдал үргэлжилсээр байжээ гэсэн үг. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас “Фрейт Коммодити Консалтантс” ХХК-ийн удирдах албан тушаалтан, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад хувь хүний орлогын албан татвар, албан татвараас зайлсхийсэн асуудлаар 181000160302 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар яллагдагчаар татжээ.

 

Ингэхдээ Д.Жигжиднямааг 2013 оны тавдугаар сарын 20-наас 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 356 519 752 /Гурван зуун тавин зургаан сая таван зуун арван есөн мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийн хувь хүний орлогын албан татвараас зайлсхийх зорилгоор 356 519 752 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 159 182 645 /Нэг зуун тавин есөн сая нэг зуун найн хоёр мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх зорилгоор 2 047 261 153 /Хоёр тэрбум дөчин долоон сая хоёр зуун жаран нэгэн мянга нэг зуун тавин гурав/ төгрөгийн борлуулалтын орлогыг, 168 552 500 /Нэг зуун жаран найман сая таван зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас зайлсхийх зорилгоор 1 665 525 006 /Нэг тэрбум зургаан зуун жаран таван сая таван зуун хорин таван мянга зургаа/ төгрөгийг, нийт 361 387 121 /Гурван зуун жаран нэгэн сая гурван зуун наян долоон мянга нэг зуун хорин нэг/ төгрөгийн албан татвараас зайлсхийх зорилгоор орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэх хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны арванхоёрдугаар сарын 3-нд ял сонсгож, яллагдагчаар татсан байна.

 

Эх сурвалж: “ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ”-ийн “УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад хилийн хориг тавьж, албан үүргээс нь түдгэлзүүлжээ” нийтлэлээс