Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 23 дүгээр хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдаанаар “ХААН банк” ХХК-ийн олон нийтэд гаргаж буй хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэж, анхдагч зах зээлд арилжих зөвшөөрлийг олголоо. Ингэснээр банкны салбарын реформын хүрээнд олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болох ажиллагаагаа хэрэгжүүлж буй банкны системд нөлөө бүхий гурав дахь банк болж байна.  

“ХААН банк” ХХК-ийн хувьд банкны салбарын нийт активын 30 гаруй хувийг бүрдүүлдэг, нийт актив, өөрийн хөрөнгийн хэмжээгээр системийн банкууд дундаа хамгийн томд тооцогддог, банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй ууган банкны нэг бөгөөд тус банкны нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргах ажиллагаа (IPO) амжилттай хэрэгжсэнээр зах зээлд чанартай, хөрвөх чадвар өндөр санхүүгийн шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, хөрөнгийн зах зээлээр дамжуулан иргэд, олон нийт сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө арвижуулж, улмаар хөрөнгийн зах зээл идэвхжиж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадвар өсөх чухал ач холбогдолтой юм.


Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу