"Шилэн" ажиллагааны хүрээнд shilen.gov.mn сайтад төрийн өмчит объектуудын түрээс, ЖДҮХ сангийн зээлийн үлдэгдлийн мэдээллийг байршуулсан талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тусгай сангуудын талаар мэдээлэл өглөө.

ХАА-г дэмжих сангийн 169,7 тэрбумын үлдэгдэлтэй  зээл ил боллоо

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлээс 8993 хуулийн этгээдэд хамаарах 169.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй мэдээлэл ил тод боллоо. Ил тод мэдээлэл өр  багасгах хөшүүрэг болж, өнгөрсөн 7 хоногт 95 иргэн, хуулийн этгээд 461.7 сая төгрөгийн зээлээ эргүүлэн төлсөн байна. ХААДС-гийн мэдээллийг ил болгосноос хойших  хугацаагаар авч үзвэл нийтдээ 694,6 сая төгрөг эргэн төлөгдөөд байгаа юм. ХАА-г дэмжих сангаас зээл авсан нийт 10325 компани, иргэн, байгууллагын мэдээллийг 100 хувь ил болгохоор ажиллаж байна.  

ЖДҮХ санд 221,3 тэрбумын өр хуримтлагдсан байна

ЖДҮХ сангаас 2008 оноос хойш зээл авсан 1295 иргэн, хуулийн этгээд 221,3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. ЖДҮХС-гаас иргэн, хуулийн этгээдийн авсан 270 тэрбумын зээлээс төлөгдсөн нь 48,7 тэрбум, үлдэгдэл нь 221,3 тэрбум. Нийтийн сангаас хөнгөлөлттэй зээл авсан ч  өр үүсгэсэн хуулийн этгээдүүдийг онцлон анхаарч, үүргээ биелүүлэхийг шахаж шаардах нь бусдын эдлэх эрх тэгш боломжийг нээхэд туслах юм.

БЗС-гаас 2015 оноос хойш зээл, тэтгэлэг авагчдын мэдээллийг ил тод болголоо

Боловсролын зээлийн сангаас 2015 оноос хойш зээл, тэтгэлэг авсан 428 суралцагчийн мэдээлэл ил боллоо. БШУЯ сар орчмын өмнө буюу 3-р сарын 22-нд Боловсролын зээлийн сангаас 1999-2013 онд зээл аваад гэрээний үүргээ биелүүлээгүй 232 иргэний мэдээллийг зарлаж байсан юм.

БЗС 2015 оноос хойш 428 суралцагчид 48,2 тэрбум төгрөгийн зээл, тэтгэлэг олгосон байна. Үүнээс 239 суралцагчид 39,7 тэрбумын зээл, 189 суралцагчид 19,5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ. 2020 онд хамгийн их буюу нийт санхүүжилтийн 40 хувьтай тэнцэх 19,5 тэрбум төгрөг олгосон байна.  Гагцхүү зээл, тэтгэлэг авах нь өөрөө буруу үйлдэл биш.

 Хууль, журамд заасан нөхцөл шаардлагаа хангаж, зээл, тэтгэлэг авсан,  дэлхийн шилдэг их, дээд сургуульд шударгаар шалгарч элссэн, гэрээний үүргээ биелүүлж, эзэмшсэн мэргэжил, ур чадвараа улс орондоо зориулсан, мөнгөөр нь эргүүлэн төлж, дараа үеийнхээ боломжийг хаагаагүй ухамсартай олон иргэнийг хавтгайд нь буруутгах зохисгүй юм.