Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэл бонд гаргах асуудлыг дэмжлээ. Нийслэл хот бонд гаргаж, хөгжлийн бүтээн байгуулалт хийх талаар олон жил ярьсан. Энэ ажил энэ онд биеллээ олох нь  тодорхой болж байна.

Өнгөрсөн жил нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг төсөвлөсөн. Уг хөрөнгөөр нийслэлд хэд хэдэн гүүр, замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн ч энэ жил санхүүжилт тавиагүй учраас ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тиймээс Засгийн газар нийслэлийн энэ жилийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бонд босгох замаар шийдвэрлэхээр болсон. 

Тодруулбал, Сангийн яамнаас 187 тэрбум төгрөгийн бонд босгох эрхийг олгосон бөгөөд тус бондыг дотоодын зах зээл дээрээс босгох аж. Ингээд тус хөрөнгө оруулалтаар нийслэлийн бүтээн байгуулалтыг хийх аж. 

Энэ талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар  “2022 онд эхлүүлсэн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийн тулд Улаанбаатар хот эхний ээлжид 187 тэрбум төгрөгийн бонд гаргана. Энэ санхүүжилтээр холбоос замуудаа холбосноор түгжрэлийг бууруулах, эрчийг сайжруулах ажил үр дүнтэй болно. 225 км зам холбовол Улаанбаатарын түгжрэлийг бууруулах ажлууд үр дүнд хүрнэ. Тиймээс үүний санхүүжилтийг л хийх гэж байгаа юм. Сангийн сайд дөрөвдүгээр сарын 22-нд ирнэ. Ирсний дараа концевц боловсруулаад, бонд босгох бичиг баримтуудаа бүрдүүлээд Засгийн газрын хуралдаанд энэ сардаа багтааж оруулна. Ер нь бэлтгэл ажлууд хангагдсан гэж ойлгож болно” хэмээн ярьж байсан билээ.