МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ, ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, УИХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО-нд

Шаардлага хүргүүлэх тухай:
БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсууд болон Монгол Улс хоорондын чөлөөт худалдааны түр/завсрын гэрээг хойшлуулах, зогсоох тухай шаардлага
2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Монгол Улс БНСУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн улсууд болох Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларус Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Оросын Холбооны Улсуудтай худалдааны түр/завсрын гэрээ байгуулахаар ажиллаж байгаа нь эдийн засаг, дотоодын үйлдвэрлэлийн хөгжил, цаашлаад үндэсний аюулгүй байдалд ихээхэн эрсдэл учруулах алхам болж буй тул хэлэлцээрийг зогсоох, хойшлуулах шаардлага хүргүүлж байна.
Олон улсын жишгээр энэ төрлийн гэрээ хэлэлцээрийг дотоодын үйлдвэрлэлдээ импортын өндөр татвараар хамгаалалт хийсэн өндөр хөгжилтэй улс орнууд хөгжил буурай орнуудаас татах түүхий эдээ таатай нөхцлөөр нэмэгдүүлэх зорилгоор хийдэг. Гэтэл манай тохиолдолд аль хэдийнээ Монголд үйлдвэрлэж чадаж байгаа, дотоодын хэрэглээгээ хангаж байгаа бэлэн бүтээгдэхүүний нэр төрлийг импортын тарифын хөнгөлөлтөд хамруулсан байгаа нь дотоодын үйлдвэрлэл хамгаалалтгүй болж, гадны импортлогчдоос хамааралтай болох бодит эрсдэл учирч байна.
Хүнсний салбар бол Монгол улсын эдийн засгийг солонгоруулах, уул уурхайн салбараас хараат бус байдлыг хангах түлхүүр салбар. Хөдөлмөр эрхэлж буй нийт хүн амын 50 орчим хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар шууд болон шууд бусаар ажлын байраар хангаж байна. Монгол улсын газар тариалангийн салбарт байгаа 1500 гаруй аж ахуй нэгж, 30 гаруй тариаланчид, 200 мянга гаруй малчин өрхийн орлого, амьжиргаа энэ салбараас хамаарч байна. 
Гэвч дээрх хэлэлцээрүүдийн дагуу БНСУ болон ЕЭЗХ-ны гишүүн улс орнуудад тарифын хөнгөлөлтөөр давуу байдал бий болгосноор экспортод бэлэн биш байгаа хүнсний салбар нөгөө талын зах зээлээс хэт хамааралтай болох нөхцөл байдал үүсэхээр байгаа юм. 
Иймд Хавсралтад буй нөхцөл байдлыг харгалзан үзэж дээрх хэлэлцээрүүдийг зогсоох, хойшлуулахыг хүнсний салбарын Мэргэжлийн Холбоод нэгдэн шаардлага хүргүүлж байна. 
Хүнсний хувьсгал ТББ Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбоо ТББ Монголын Мал Зүйч Үржүүлэгчдийн Үндэсний Холбоо Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо

Дэд Тэргүүн
Т.Мөнхтөр
Гүйцэтгэх захирал 
М.Нармандах
Ерөнхийлөгч 
Л.Эрхэмбаяр
Ерөнхийлөгч 
Л.Баяртулга