УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын чуулганы үеэр "Оюутолгой" дампуурсан хэмээн мэдэгдэв. Тэрбээр "Албан ёсоор хэлчихье. Төрийн нууцад энэ төслийн санхүүгийн тайланг оруулсныг би уншсан."Оюутолгой"-н төслийн манай өгөөж болох 34 хувийг 426 сая ам.доллароор үнэлсэн. 

Нийт Оюутолгойг 100 хувь гэж үзвэл 1.3 тэрбум ам.доллар байна. Гэтэл "Оюутолгой" 17.6 тэрбум ам.долларын өр тавьчихсан байгаа. Та нар Дубайн гэрээгээр 15 банкаас 5.4 тэрбум ам.доллароор монголын газар нутгийг тавьчихсан байгаа шүү. Оюутолгой компани өөрийнхөө үнэлгээнээс 9 дахин өндөр зээл тавьсан байгааг дампуураагүй гэж хэлэхгүй яах юм. Тоо баримтаа харж ярина уу. Хариулт өгсөн шүү" гэв.

Үүний хариуд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Оюутолгойн олон улсын төслийг дампуурсан гээд хэлчих шиг боллоо. Хэдэн жилийн өмнө нэр бүхий улс төрч "Эрдэнэт үйлдвэр"-ийг эмчилгээ, сувилгаанд явуулах цаг болсон гэж хэлж байв. Үүнтэй яг ижил сонсогдож байна. "Оюутолгой" дураараа дампуурчих төсөл биш л дээ. Монгол Улсын гадны хөрөнгө оруулалтын 40 хувийг оруулж ирж байгаа дэлхийн хэмжээний төсөл таны үгээр дампуурчихгүй байх. Дампуурсан шалтгааныг нь албан ёсоор хариуцлагатай мэдэгдэхийг хүсэж байна.

Олон улсын том төсөл арай ч шууд дампуурчихгүй байх. С.Ганбаатар гишүүн чуулганы индрээс хариуцлагатай мэдэгдэл гаргаарай гэж хүсэж байна” гэлээ.