Монгол улсад уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс бол тэргүүлэх салбар гэдэгтээ хэн ч маргахгүй биз. Энэ хэрээр их хэмжээний мөнгө эргэлдэж нүүрс дагасан төсөв, тендэрүүд хэл ам дагуулж байдаг.

Өнгөрсөн нүүрсний сонсголоор ч нүүрс гэгч байгалийн баялгийн цаана ямар том булхай, луйвар бүлэглэлүүдийн үйл ажиллагаа явагдаж, байгалийн баялгийг зарж үрж, хөлжиж байдгийг ард иргэд мэддэг болсон.

Сонсголын үеэр хэд хэдэн ноцтой баримт ил болсны нэг нь 5,2сая тонн коксжих нүүрс сох дутсан явдал юм. Гэхдээ 5.2 сая тонн, 5 тэрбум (17 их наяд төгрөг) орчим долларын үнэтэй коксжих нүүрс хэний халаасанд орсон, хэн завшсан гэдгийг тодорхой болголгүй бөөрөнхийлөөд хаясан.

Монгол улсаас 2022 онд Сингапур улс руу 1,2 сая тонн буюу 336 сая ам.долларын чулуун нүүрс экспортолсон гэж тайлагнасан байдаг боловч Дэлхийн банкны тайланд Сингапур улс Монгол Улсаас шанага нүүрс ч импортоор авч байгаагүй байна. Хилээр бүртгэлгүй гарна гэдэг бол бүүрч дэгсдүүлсэн тайлбар.

Ийм хэмжээний нүүрс Монголын хил гаалиар давж чадлаа гэхэд цаазын ялтай, хууль хатуу хэрэгждэг Хятадын хил гаалиар хэн нэгэнд мэдэгдэхгүй гарна гэдэг бүтэшгүй зүйл юм.

Тэгэхээр дээрх алдагдсан гэх нүүрс яг үнэхээр олборлосон уу эсвэл хэн нэгний эрх ашигт нийцүүлж олборлосон болж харагдуулахыг зорив уу гэдэг хардлагыг төрүүлж байгаа юм.

Магадгүй ЭТТ тойрсон толгой эргэм өндөр дүнтэй гэрээ, тендерүүдийн эргэн тойронд хэн нэгний эрх ашгийг хангах, тайлан бичилтийг худал мэдүүлж их хэмжээний мөнгө луйвардах ажиллагаа байсан байж болох уу?

Учир нь нүүрсний сонсголоор өмнөх гэрээний гүйцэтгэлийн тайлан дутуу мөртлөө дараагийн тендерийг давуу эрхтэйгээр авдаг, эрх мэдэлтэй эрхмүүдийн хамаарал бүхий хэд хэдэн компанийн нэр дурдагдаж байсан.

Ямартай ч хэн олборлож, хэн тээвэрлэж, хэн зарж үрсэн тодорхойгүй 5.2сая тонн нүүрсний талаар нэхэн сурвалжлах болно.