2025 оны 6-р сарын 4-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн татварын шинэчлэлийн багц нь иргэдийн нуруун дээрх татварын ачааллыг бууруулах, аж ахуйн нэгжүүдийн өсөлтийг дэмжих зорилготой томоохон алхам болж байна.

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлангийн танилцуулснаар, шинэчлэлийн хүрээнд 2026–2027 оны хооронд дараах гол өөрчлөлтүүд үе шаттайгаар хэрэгжих юм.

Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 800,000 төгрөг хүртэлх сарын цалин нь орлогын албан татвараас 100% чөлөөлөгдөнө.

НӨАТ-ын шаталсан хөнгөлөлт

  • 500,000 төгрөг хүртэлх худалдан авалт: 100% НӨАТ-аас чөлөөлөгдөнө.

  • 500,001–800,000 төгрөгийн худалдан авалт: 50% НӨАТ-аас чөлөөлөгдөнө.

  • 800,001 төгрөгөөс дээш худалдан авалт: 20% НӨАТ-аас чөлөөлөгдөнө.

Энэхүү шаталсан тогтолцоог нэвтрүүлснээр иргэдийн нийт худалдан авалтын 51% нь НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөх бөгөөд НӨАТ-ын хамрагдалт нэмэгдэх хүлээлттэй байна. Үйл ажиллагааны орлогыг шатлалд хамруулах, хялбарчилсан горимоор татвараа тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ. Ингэснээр үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх боломж бүрдэнэ.

Орон нутаг руу шилжиж, ногоон орон сууц худалдан авч буй иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого хэрэгжинэ. 

 Аж ахуйн нэгжүүдийн өсөлтийг дэмжих бодлого

  • 25%-ийн ААНОАТ төлөх босгыг 6 тэрбум төгрөгөөс 10 тэрбум болгон нэмэгдүүлж, дунд орлоготой компаниудад 15%-ийн хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ.

  • 1%-ийн хөнгөлөлттэй татвар төлөх ЖДҮ-үүдийн орлогын босгыг 1.5 тэрбум → 2.5 тэрбум төгрөг болгон ахиулж гурван жил хөнгөлнө. Эдгээр өөрчлөлтүүдийг 2026–2027 оны хооронд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төсөвт нийт 4 их наяд төгрөгийн нөлөө үзүүлэх тооцоо гарсан байна.